COVID-19 хэмээх титэмт "ноёнтон"-ы засаглал
-Юу үнэтэй юу үнэгүйг, юу өөрчилж юуг өөрчилж болохгүйг мэдэрсэн эргэцүүлэл-
Коронавирус овогт титэмт /COVID-19/ “ноёнтон” өөрийн засаглал, шинэ дэг журмаа тогтоогоод хэдэн сар өнгөрөв. Тэр олон ааштай, амь бөхтэй /олон хоногийн нууц үе, бүх гадаргууд олон хоног амьдрах чадвартай/ учир цаашид хэр удаан ноёрхохыг хувь хун таамаглах байтугай, шинжлэх ухаан ч тайлаагүй байна.
“COVID-19”-өөс өмнөх ба “COVID-19”-өөс хойшхи гэж он тооллын шинэ нэр томъёо гарч, хүмүүс дасан зохицож эхлэв. Хун төрөлхтөнийг бүхлээр нь, цэнхэр гаригийг бүтнээр нь өмнөө сөхрүүлж, сөгдүүлж буй тэрхүү "ноёнтон” бол ердөө л нэгэн төрлийн вирус. Тэгэхдээ л түүний өмнө аж үйлдвэржсэн өмнөх зууны бүтээл цөмийн болон үй олноор хөнөөх зэвсэг техник, шинэ зууны дижитал ертөнц, хиймэл оюун ухаан ч одоогоор толгой бөхийв. Хэрвээ Чингис хаан зэрэг дэлхийн топ-10 хааны байлдан дагуулал, эзэлж эзэмшилдээ авсан газар нутгийн хэмжээтэй харьцуулбал титэмт “ноёнтон” тэднээс давж, дэлхийд нэгд эрэмбэлэгдэхээр, бөмбөрцгийн бүх хуурай газар, далай тэнгис төдийгүй, агаар мандлын орон зайг ч үл үлдээн бүхэлд нь эзлэн тархжээ. Тэр дэлхийг, дэлхийн эдийн засгийг өөрийнхөөрөө удирдаж байна. Түүний өмнө дэлхийн улс төр, НҮБ, НАТО, цэнхэр дуулгат энхийг сахиулагч тусгай хүчин, олон улсын гэрээ, эрх зүйн актууд хүчгүйдэж, бас чадамжгүй болж улс орнууд зөөлөн дипломатын харилцаанд шилжлээ. Нийгмийн амьдрал тэр чигтээ зогсож, гэр гэртээ тусгаарлагдах хөл хорионы дэглэм тогтов. Чөлөөтэй явж, хил хязгааргүй хамтын нийгэмд амьдарч байсан хүмүүс нэг л өдөр “гэртээ бай, хүмүүстэй бүү харилц” гэх ерөнхий дүрэм дор зорчих эрхээс эхлээд бүх эрх чөлөөгөө хязгаарлуулав.
БИДЭНД ӨГСӨН СУРГАМЖ
Дэлхийн баян улс орнууд мөнгөн бороо оруулсан ч, эрдэнэт хүний амь насыг авч одсоор буй титэмт “ноёнтон”-оос урвуу гэмээр, хүн төрөлхтөнд эерэг гэмээр өөрчлөлтүүд бас ажиглагдах. Үүнийг нь сайн тал гэх үү, бэрхшээл бүхнийг дагаж ирдэг боломж гэх үү, таны сонголт. Улс орон бүр амь амиа бодож хилээ хааж, хүмүүсийн хөдөлгөөн зогсож, гэр гэртээ суух зуур байгаль дэлхий цэцэглэн өнгөө засав. Агаар мандал баясан азоны цоорхой хүртэл битүүрч, хүн төрөлхтөнөөс дайжиж зугтаж явсан ан амьтад ч буцаж ирсээр. Өөрөөр хэлбэл, байгалийн хууль нь төрийн хуулиас хүчтэйг, дэлхий ертөнц маань ганцхан хүнийх биш, харин “хүн-амьтдын, ер нь амьтай бүхний хамтын гэр" болохыг ойлгуулав. Ерөнхийдөө механикийн буюу аргын зуунаас гармонийн (найрсал) буюу билгийн зуунд шилжих цаг болсныг сануулав. Механикийн зуунд хүн төрөлхтөн ёс суртахууны доройтолд орж эвдрэлийн замд орсон алдааг гармонийн буюу найрсалын зуунд ёс суртахуунтай байж эвлэрлийн зуун болгон өөрчлөх цаг болсныг бидэнд зааж өглөө. Коронавирус хүн төрөлхтнийг шинэ үзэл санаа (концепци), шинэ дэг журам, шинэ санаачилгад ч уриалав. Нойтон захуудыг (зэрлэг болон нэн ховор амьтадын зах) хаах хэрэгтэйг ойлгов. Коронавирусыг хүнд дамжуулсан байх магадлал нь өндөр байгаа сарьсан багваахайг эдгээр захуудад худалдаалсаар байгаа. Сарьсан багваахай бол 130-4000 хүртэл олон төрлийн вирус тээж, +40'С хэмийн өндөр халууныг (сарьсан багваахайн хэвийн халуун) дааж яваа аюултай амьтан гэхээсээ илүүтэй үй олноор хөнөөх амьд зэвсэг гэлтэй.
Шинжлэх ухаанч боловсролыг хойш тавьж, техник, технологийн хялбархан шийдлээр бүхнийг шийдэх гэсэн дэлхийн боловсролын шинэ тогтолцоо бүхэлдээ гэнэтийн гэмээр шалгалтад уналаа, Механик сэтгэлгээ (техник), мэдээллийн технологи (IT), өргөн хүрээний баримтад үндэслэсэн иж бүрэн мэдээллийн тогтолцоо (Big Data), хиймэл оюун ухааныг (Al) шинжлэх ухаантай хослуулан хүний хүчин чадалд (хүний хэр хэмжээ хязгаартай) тулгуурлан хүний хөгжлийн өсөлтийг хангасан, юмс, үзэгдлийн мөн чанарыг судлан таньж мэдсэн, шинэ цаг үе, шинэ нийгмийн эрэлт захиалгад нийцсэн суурь боловсрол гэхээсээ илүү хэрэглээний боловсролыг иж бүрнээр нь харсан бодлогын зурагтай болох хэрэггэйг санууллаа. Даяаршлаас дангааршил рүү эргэж, олон улсын байгууллагуудад итгэх итгэл найдвар суларч, тэргүүлэгч орнууд дэлхийн либерал дэг журмыг зохицуулах чиг үүргээ хэрэгжүүлэх легитим эрх мэдэл хязгаарлагдав. Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааг зохицуулах олон улсын гэрээ, эрхзүй зөрчигдөж байгаа энэ цаг үе дор улс, орнууд дотоодын нөөцөндөө тулгуурлан хямралыг тэсэж гарах тэргүүлэх чиглэлүүдээ зөв дарааллаар эрэмбэлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Харилцаа, эдийн засаг нь даяаршсан ч, хилээ хаан дангааршиж чадсан нь титэмт “ноёнтон”-ы өмнө тэсэж чадаж байгаа мэт харагдавч бас үгүй юм.
Ерөнхийдөө л эрх ашиг, сонирхлоо зөв эрэмбэлсэн “Эв нэгдлийн пирамид”-ыг босгож чадсан нь түүнийг зогсоож, хориглож дөнгөж байна. Чадаж байна гэхэд бас эртэднэ. Гэхдээ л “тэсэж дөнгөж байгаа нь” хүн төрөлхтөн, улс орнууд дотроо, ер нь нийгмийн бүх нэгжүүд эрх ашгаа зөв эрэмбэлж, дотооддоо эв нэгдэлтэй байхыг титэмт “ноёнтон”-ы зүгээс өөр дээрээ мэдрүүлж “хэлсэн” сануулга гэлтэй.
ЭРХ АШГИЙН ГУРВАН ЭРЭМБЭ
Коронагийн тоолол дууссаны дараа хүмүүсиин ахуй амьдралаа авч явах уламжлапт хандлага нэлээд өөрчлөгдөнө Таны амьдралд юу эрхэм чухал байр суурьтай байх үнэт зүйлсийн эрэмбэ дараалалд ч өөрчлөлт орно. Язгуурын дээд монголчуудын эртнээс ахуй, амьдралдаа баримталж ирсэн амьдралын философи нь дотоодын төдийгүй гадаадын судлаачдын сонирхлыг ихээр татаж монголчуудад хандах хандлага өөрчлөгдөх байх. Бидний байгаль цаг уур, орчин нөхцөл, ангийн гэмээр чанарлаг эрүүл мах, зэрлэг жимс зэрэг ориг бүтээгдэхүүнүүд маань органик болж дэлхийн анхааралд өртөж ч мэднэ. Энэ бол сайн бөгөөд зөвхөн нэг л тал. Харин нөгөө талаас коронавирус хумүүст амьд байх ямар эрхэм чухал болохыг мэдрүүлэн ойлгууллаа. Энэ нь бидэнд, ялангуяа хүн байх эрхэм бөгөөд уламжлалт монгол чанараа алдаж буй энэ цагийн бидэнд илүү үнэ цэнэтэй байх болно. Таны үнэт зүйлсийн эрэмбийн нэгд, амьд явах заяамал эрх хэвээр. Харин нэр төртэй амьд явах, чанартай амьдрахын тулд оюун санаа, сэтгэл, махбодь, биеийн эрүүл мэнд ямар чухал болохыг титэмт “ноёнтон” бидэнд бараг л чимхэж санууллаа. Хайрлах, энэрэх, нигүүлсэх нинжин сэтгэлтэй байж, оюун санаагаа бясалган, бусдад нинж түгээн, сэтгэлээ тэгш дүүрэн амар амгалан байлгаж, аливаа зовлон шаналлаас өөрийгөө бүрэн чөлөөлж, баярлах, гомдохын хязгаарыг давж, дасгал хөдөлгөөн хийж, зөв зохистой хооллож, чанартай унтаж, байгаль дэлхийгээсээ эрчим хүчээ сэлбэж эрүүл саруул, зөв амьдрах дэглэмийг санал болгож, сануулж байгаа нь коронавирусын эерэг боломж гэж харж болно.
Хүмүүсийн хэрэглээ аль болох энгийн ухаалаг тал руугаа өөрчлөгдөнө. Магадгүй энэ хандлага нь таны амьд явах гарц шийдлээс гадна таны хамгаалалт байх болно гэдгийг ойлгож авлаа. Хүн бодгалийн хувьд оюун санааны, сэтгэлийн, бие махбодийн харилцан шүтэлцлийн хязгааргүй орон зайд хий, халуун, хүйтнээр синтезлэгдэж оршин буй нэгэн өвөрмөц ертөнц гэлтэй. Өглөө сэрэнгүүт “ ... би өнөөдөр ч үхэж магадгүй...” гэсэн ганцхан өгөгдөл өгөхөд л мянган буруу зуршил арилж, зөв дэглэмд хөглөгдөж, шунал, тачаал хязгаарлагдаж, хайр энэрэл, нинжин сэтгэл, өршөөл нийгүүлслээр бялхаж өдөржингөө тайван амгалангаар тэнцвэртэй тогтуун байж болдог. Хүн бүрт өөрийгөө ингэж ахин таних, дахин дахин кодлох чадвар бий. Таны үнэт зүйлсийн эрэмбийн хоёрт, эрх, эрх чөлөөтэй байх.
Тусгаарлалтад байсан хэдхэн хоногт эрх, эрх чөлөө ямар үнэ цэнэтэйг олон хүн бие дээрээ хангалттай мэдэж авлаа. Ялангуяа эх орон, хайртай хүмүүсээсээ хол, харийн нутагт “хоригдсон” хүмүүс эрх чөлөөний үнэ цэн хаана оршдог, хаа хүрч дуусдагийг дэндүү сайн мэдэрсэн байх. Энэ талаасаа коронавирус хүн төрөлхтөнд төлөөс ихтэй ч амьдралын их сургуулийг түргэвчилсэн хөтөлбөрөөр өртөг өндөртэйгөөр зааж сургав. Улмаар амьд явах эрхэм чухлын, эрх чөлөөтэй байх нандин эрхийн, аз жаргал гэдэг таны алганд багтах жижиг зүйлд ч оршдогийн үнэ цэнийг ойлгууллаа.
Таны үнэт зүйлсийн эрэмбийн Гуравт, аз жаргалтай байх. Эрх мэдлийн төлөө улайран тэмүүлэх, эд хөрөнгө, мөнгөнд донтох хүртлээ шунан хорхойсох, тансаг хэрэглээнд (хар тамхины дон, архи дарсны дон, шоу цэнгээний дон, брэндийн дон гэх мэт) дэндүү ихээр уруу татагдсан хормын төдий цэнгэлд (Funcy) цэг хатгаж, аз жаргалын талаарх хүмүүсийн үнэлэмжид өөрчлөлт орох байх. Хамгийн гол нь мөнгө ямар үнэ цэнэгүй юм бэ, хайрлах гэр бултэй, очих эх оронтой, хил хязгааргүй “тэнэх" эрх чөлөөт байхын үнэ цэнийг хүмүүс хангалттай ойлгож авсан байх.
Бат цайз шиг гэр бүлтэй байх, ажил, хамт олонтой байх, чанартай эрүүл мэнд, сайн боловсролтой байх, тохилог орон гэрт амьдрах, тодорхой хэмжээний санхүүгийн эрх чөлөөтэй байх (Жэк Ма, ... чи нэг сая сая доллартой бол аз жаргалтай байна, харин арван сая доллартой бол маш олон толгойн өвчинтэй болно...), аль болох урт наслах сайн нөлөөтэй найз нөхөдтэй байх, (... хү-нээрээ байгаатай нөхөрлөж эвдэрсэн хүнээс холд...), сайн цаг ашиглах зөв дэглэмтэй байх зэрэг үнэлэмжүүд аз жаргалын үнэт зүйлсэд голлох байр суурьтай болж зөв тал руугаа өөрчлөгдөнө. Хааяа өөртөө "... хүн мөнх биш нь сайхан юмдаа...” гэсэн код илгээхэд таны материаллаг сонирхол хийгээд шуналын сэтгэл хормын төдийд арилж дотоод сэтгэлийн хүч үйлчилж, сэтгэл санаа амар тайван болж та өөрийгөө маш тогтвортой байгааг мэдрэх болно. Энэ бол гайхамшиг, хүн байхын үнэ цэнэ хийгээд утга учиртай, чанартай амьдрахын зам мөр юм.
КОРОНАГИЙН АЮУЛЫН ДАРАА...
Цаашид дэлхийн улс орнууд, бид ч хөл хорионы дэглэмд хоригдсон хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг тусгайлан авч үзэж, хүн ам зүйн болон нөхөн үржихүйн асуудлыг нухацтай судалж “коронагийн үеийнхнийг” хүлээж авах бэлтгэл хангах ажлыг ч орхигдуулж болохгүй боллоо. НҮБ-ын хүн амын сангийн судалгаагаар ... жирэмслэлт өмнөх оныхоос 3 дахин нэмэгдэх, бага, дунд орлоготой 500 сая эмэгтэйчүүд жирэмсэн болох эрсдэлтэй... байгааг урьдчилан анхааруулсан.
Мэдээж хүн төрөлхтөн энэ удаагийн давлагааг давж гарч чадах ч, дараа дараачийн ирэх цохилтод бэлтгэл сайтай байж, урьдчилан сэргийлэх, оношлогоо сайн хийх, вакцинд хамрагдах, туршлагатай эмч нарын мэргэжпийн багийг бэлдэх гэх мэт өнөөгийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаасаа сургамж авч огтхон ч тайвшралгүйгээр урагшлах хэрэгтэй. Үүний тулд, бид юу хийх вэ?
Нэг. Хүрээлэн буй орчинтойгоо зохицон амьдарч байгалийн аливаа хишгийг авахдаа унаган төрхийг нь алдагдуулахгүй, нөхөн сэргээлт хийх, эко системд муугаар нөлөөлөх аливаа ашиглалт, олборлолтыг нэн яаралтай зогсоох.
Хоёр. Хүнлэг энэрэнгүй, ухаалаг ноён нуруутай, хүн чанартай байж, хайрлах, асрах, халамжлах эрдэм ухаанд суралцаж, анд нөхдийн журам сахих, харилцан буулт хийж аливаа үл ойлголцлыг зөвшилцлийн зарчмаар шийдэх эв нэгдэлтэй байх.
Гурав. Байгальд ээлтэй, өндөр бүтээмж бүхий технологитой, хэмнэлттэй, хэрэглээний эдийн засгийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар онцгойрсон (unique) экспортын бодлого явуулж, бүрдүүлэлт, төлөвлөлт, зарцуулалт, хяналтын бүх түвшинд ил тод (шилэн) дижитал эдийн,засагтай болох.
Дөрөв. Эрчимжсэн хөдөө аж ахуйг түшиглэсэн эрүүл, хүртээмжтэй хүнсний тогтолцоог буй болгох, хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хязгаарлагдмал хүрээнд тансаг хэрэглээний зориулалтаар хүнс экспортлох, тариалангийн талбайн эрүүл хөрсний технологи, стандартталбайн соёл болон малын эрүүл мэндийн иновацилаг тогтолцоог буй болгож химийн бохирдол болон малын эмийн үлдэгдэлгүй түүхий эдээс эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэж хүн амыг хүнсээр хангах.
Тав. Хавтгайрсан үндэслэл тооцоогүй, үр өгөөж муутай халамжийн бодлогоос чанартай амьдралыг хөхүүлэн дэмжсэн урамшууллын тогтолцоо бүхий нийгмийн бодлого хэрэгжүүлэх.
Зургаа. Иж бүрэн итгэлцэл бухий мөнхийн хөршүүдийн бодлогоос гадна иж бүрэн түншлэл бүхий гуравдагч хөршийн бодлого явуулж тэдгээрийн геополитикийн сонирхол, эдийн засгийн ашиг сонирхолыг татсан үндэсний болон үндэстний ашиг сонирхолыг урьтал болгосон зөөлөн дипломатын бодлого баримтлах,
Долоо. Ёс суртахуун, зан заншил, үндэсний соёл, уламжпалыг дээдэлсэн хүнлэг энэрэнгүй зарчимд суурилсан ухаарал, өршөөлийн шийтгэлийн санкци бүхий улс төрөөс ангид, хүний унаган эрхийг дээдэлсэн, ухамсрын эрх зүйн системд шилжих.
Найм. Дижитал (Digital) худалдаа, мэдээллийн технологийн өрсөлдөөнд бэлэн байхын тулд кибер болон мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт, биг датад суурилсан бүрэн хамгаалагдсан үндэсний мэдээллийн тогголцоо, цахим худалдаа, үйлчилгээний луйвраас (хакер) сэргийлэх, хиймэл оюун ухааныг нутагшуулан хөгжүүлэх зорилго бүхий төрийн захиргааны төв байгууллагыг нэн яаралтай байгуулах.
Ес. Усны нөөц, хүнсний хангамж, эрчим хүчний бие даасан эх үүсвэрийн талаар улсын шилдэг эрдэмтэн судлаачдыг дайчлан үнэлгээ хийлгэж, дахин төлөвлөлт, дахин инженерчлэлийн иж бүрэн мастер төлөвлөгөө боловсруулан нэн яаралтай хэрэгжүүлэх
Арав. Орчин үеийн мэдээллийн технологийг онол, арга зүй, судалгаатай хослуулсан хэрэглээний шинжлэх ухааныг хөгжүулж, улсын төсвийн тодорхой хувийг хуульчлан эрдэмтэн, судлаачдын бүтээлийг үнэлгээжүүлэн урамшууллын механизм бүхий шинжлэх ухааны тогтолцоог буй болгох.
Арваннэг. Ирээдүйн оюун санаа, нийгэм, улс төр, эрх зүй, соёлын бүхий л харилцааны эрэлт шаардлагыг хангахуйц хэрэглээ төвтэй боловсролын тогтолцоог хөгжүүлж ирээдүй судлаач, бодлого судлаач, систем судлаач, эдийн засгийн шинжээч, малын эмч-big data, Al, IT-ийн мэргэжлээр дэлхийн шилдэг сургуулиудад сургах, давтан сургах, дадлагажуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийлгэж дээд эрэмбийн чадварлаг боловсон хүчний нөөцтэй болох.
Арванхоёр. Академик судалгаа туршилт, практик, оношилгоо эмчилгээг хослуулсан хувийн хэвшилд тулгуурласан эмнэлгийн үйлчилгээ бүхий хамгийн шилдэг тоног төхөөрөмжтэй, чадварлаг эмч, эмнэлгийн ажилтнуудтай, хамгийн үр дүнтэй чанартай эмийн хангамжтай, эрүүл мэндийн зөв даатгалын тогтолцоотой урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн тогтолцоог буй болгох.
Мэдээж, Ковид-19-ийг хүн төрөлхтөн, шинжлэх ухаан ялна. Тэгэхдээ цаашид Их-20-ын дэглэм гэдэг шиг Суперкорона-20-ын шинэ засаглал ахин гарч, биднээс дахин, бас дахин шалгалт авахыг хэн эс мэдлээ. Иймээс байгаль дэлхийгээ ижий шигээ хайрлаж, эв нэгдэлтэй байж, илт мэдрэгдэж байгаа эдийн засгийн хямралд эртнээс бэлдэж хувь хүн, өрх, албан байгууллагаас эхлээд Засгийн газар хэмнэлтийн горимоор ажиллаж, хуримтлалд тэмүүлсэн бодлого, үйл ажиллагаа явуулж, учирч болох үйл явцын процессын болон антипроцессын анализ хийж, урьтаж мэдэх, тосож угтах, тэсэж гарах язгуурын Монгол ухаантай байцгаая.
Улс төрийн шинжлэх ухааны доктор (Ph.D), профессор бэсүд Түдэвхүүгийн ГАНТУЛГА Улаанбаатар хот 2020.05.09.