“Саарал жагсаалт”-нд орсонд МАН-ын буруугүй, АН-ынхан хиргүй гэхээр хэн ч буруутан биш байх нь ээ

Дөжрөл
За тийм ээ. Дөжрөл гэж бичээд байгаа маань Монгол Улсын өнөөгийн улс төр, нийгмийн амьдралд зохицоод байгаа юм л даа. Энэ үгийг ухаж ойлгоогүй хүн тун цөөн байх. Даанч өөрөө дөжирчихөөд байгаагаа ойлгох чадваргүй нь олон болсон цаг юм. Дөжирөх гэж толь бичигт тэмдэглэснээр бол юу ч хэлээд нэмэргүй, ойлгож сануулга авахаа байхыг хэлнэ гэжээ. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэж энэ утгыг илэрхийлсэн онч үг бас бий. Тэгвэл өнөөгийн Монголын улстөрчид яг тийм болчихож.
“Та нар улс орноо бодооч ээ, зөвхөн амин хувиа хичээж суусаар байтал чинь Монгол маань сүйрэхээр болчихлоо” гэж хэлээд байхад тэд огт жишэмгүй байх. Дандаа муу хэлүүлж чичлүүлж байсаар. Энэ нь өөрсдийнх нь үнэн дүр төрхтэй яг тохироод тэрнийгээ далдлах аргагүй болохоор амиа хоохойлох муу аргаас өөрийг бодохгүй болсон хүмүүс л чих нь бөшөөтэй юм шиг суудаг болж уу дээ.
Сүүлийн өдрүүдэд Монгол Улс эдийн засгийн хувьд арчаагаа алдаад “Саарал жагсаалт”-д орлоо гээд яриад байна. Гэтэл төр, засгийн эрхмүүд төдийлөн цочсон шинжгүй л байх шиг. Тэрэнд чинь урьд нь манай улс орж л байсан. Гарсан л юм чинь гэсхийгчид ч байна. Үүний хажуугаар тэр саарлын тоонд багтсаны шалтгааныг тэр алдааг хэн нэгэнд тохохыг оролдож сурсан зангаараа хэн нэгнийг суудлаас нь авч хаяснаар засч болох юм шиг өнгөцхөн яригсад олширлоо. Төр, засгийн эрх барьж байгаа МАН-ынхан лав бидний буруугаас болоогүй гэж олон түмэнд итгүүлэхийг чармайж эхэллээ. Ер нь энэ “Саарал жагсаалт” гээчээс гарах гарц эрэлхийлэх, тэр мөнгө угаах, терроризмтэй тэмцэж санхүүгийн арга хэмжээ авах үүрэгтэй гэх ФАТФ олон улсын байгууллагын тавьж байгаа шаардлагыг биелүүлэхийн төлөөх ажлаа эхэлсэн байдал огт харагдахгүй байна. Уг нь муу нэр, луу данснаас хурдан гарах тоолуур нэгэнт гүйгээд эхэлчихсэн шүү дээ.
Гадаадын зээл тусламж татарч байгаа түүн лүгээ эдийн засгийн дотоодод монгол төгрөгийн орон зайг ам.доллар эзэлж үндэсний тэмдэгт үнэгүйдэх аюул хаалга тогшиж байна. МАН-ын буруугүй, АН-ынхан хиргүй гэхээр хэн ч буруутан биш байх нээ дээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч тийм л бодолтой Японд айлчилж явсан байх. Тэр намын даргын хувьд ярихдаа: -Бид 60 тэрбумаар баахан балбууллаа. Концессоор нэг хэсэг балбууллаа. Сүүлд нь ЖДҮ-чин гэгдэж бас зөндөө балбууллаа гэж хэлэх өнгө нь ердөө л муу байтлаа муу хэлүүлж ёстой дөжирсөн байдал харуулсан удаатай. Одоо “Саарал жагсаалт”-аар балбуулж таарах нь. Тэгээд сая эхний сануулгаа Японы Ерөнхий сайдаас авсан шиг байгаа юм. Саарлын тоонд орсноо ч мартсан юм уу санхүүгийн дэмжлэг хүссэн бололтой тэр.
Гэтэл Шинзо Абэ: -Танайхыг мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсний чинь дараа л дэмжлэг ярьж болох юм гэсэн гэх. Энэ том сануулга биш үү. Саарал жагсаалтыг зарлагч байгууллага хоёр томохон шаардлага тулгаж байгаа. Тэр нь манай хууль, шүүхийн байгууллагын ажилтай холбоотой юм билээ. Гэтэл тэр салбарыг толгойлж байгаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нөгөө л худлаа шударга зангаараа бид ийм тийм хууль батлаад байгаа, ФАТФ-аас өгч байгаа шаардлагыг биел үүлэх явц хаанаас эхлэх вэ гэвэл тэр хөрөнгө хураах чинь шүүхийн эрх мэдлийн хэрэг гэж булзааруулаад би 2002-2003 оны хооронд хуулийн байгуудлагад мөрдөх 10 хууль батлуулсан гэж байх юм.
Энэ хүн бидний буруу бодлого, буруутай үйлдэл Монгол Улсыг сааралтууллаа гэж ойлгосон шинжгүй л байгаа царайтай харагдана. Энэ мэтээр “Саарал жагсаалт” гэдгээс айж эмээж байгаа хүн ер нь байгаа юм уу мэдэхгүй. Бас нэг дөжирсөн жишээ хэлье. Сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсноос хойш хэдэн зуун хүн угаартаж хордоод найман ч хүн нас барсан. Гэтэл төр, засгийн эрхмүүд мэдсэн ч, мэдээгүй дүртэй л байна шүү дээ. Угаартаж үхнэ гэдэг чинь амьдралд байдаг л асуудал гэх анзааны юм л хэлцгээх юм.
Саяхан ЭМЯ-ны Хор судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтэн С.Юндэн гэдэг нөхөр хэлэхдээ “Сайжруулсан түлшинд хор байхгүй ээ” гээд гүрийж байх юм. Түүнгэй ярилцлага хийсэн сурвалжлагч “Угаартаад цөөн биш хүн хорвоог орхилоо. Тийм байхад та шинэ түлш хоргүй гээд сууж байж чадах уу” гэхэд хордлогод орсон гэж эмнэлэгт ирээд хүн нас бараагүй гэж хариулсан байх юм. Энэ юу гэсэн үг вэ. Гэртээ нас барсан нь угаартаагүй шүү гэсэнтэй адил үг юм. Энэ эмч бас ер нь угаарын хийд хордох нь хаа нэгтээ амьдралд байсаар ирсэн асууцал гэж хэлсэн байна лээ. Энэ бас том дөжрөл дөө.
Д.Бичээчхүү
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Холбоотой мэдээ