Сэрэмжтэй байвал сэргийлж чадна
–Усанд осолдсон иргэдийн 52 хувь нь амарч зугаалж явжээ-Энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд усны осол 11 удаа гарч, 13 хүн амиа алджээ. Тэдний тав нь хүүхэд байв. Улаанбаатарт зургаа, Баян-Өлгий аймагт гурав, Төв, Сэлэнгэд тус бүр нэг хүн усны ослоор эндсэн байна. Манай улсын хэмжээнд өнгөрсөн онд 4797 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэнээс онцгой байдлын алба хаагчид 1929 хүний амь аварч, төр, аж ахуйн нэгж, иргэдийн 59.1 тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг хамгаалж чаджээ.
Гол, нуурын эрэг орчим амарч зугаалж яваа иргэд архидан согтуурсны улмаас усанд живэх тохиолдол цөөнгүй тул Онцгой байдлын албанаас завьт эргүүл гаргадаг уламжлалтай. Усны осол, үерийн аюулаас сэргийлэх, сэрэмжлүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Аврах 105 дугаар ангийн алба хаагчид цагдаагийн байгууллагатай хамтран Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт болон сэлүүрт завьтай эргүүлийг 09 дүгээр сарын 10 хүртэл гаргажээ. Тэд иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг нь хангах юм. Энэхүү арга хэмжээг 2010 оноос эхлэн зохион байгуулж буй. Өнгөрсөн онд завьт эргүүлийнхэн 86 иргэний амь аварч, гол усанд суусан найман автомашиныг татан гаргаж, 23 хүнийг аюулгүй газар хүргэж өгсөн байна.
Урин дулааны улирал, тэр тусмаа баяр наадмын үеэр иргэд майхан бариад гол, нуурын эрэг орчимд төвхнөдөг. Амарч зугаалж яваа нөхөд ихэвчлэн архи, согтууруулах ундаа хэрэглэж, анхаарал сэрэмжээ сулруулснаар гол, усанд эндэх нь цөөнгүй. Ангийн уулзалтаа тэмдэглэж яваад багшаа, хөзөр тоглож суугаад хүүхдээ, майхнаа барьж, тухлах гэж байгаад өндөр настай ээжийгээ усанд алдсан харамсалтай тохиолдол гарч байсныг хүмүүс мартаагүй. Гол, нуурын ойр орчим очсон бол настай хүн, бага насны хүүхдээ маш сайн анхаарч, уснаас хол байлгахыг онцгой байдлын албанаас ямагт сануулж, анхааруулдаг ч үүнийг иргэд ойшоож үзэх нь тун цөөн. Урьдчилан сэргийлж болох уг ослоор жилд 100 орчим хүн эндэж байгаагийн цөөнгүй нь хүүхэд. Өнгөрсөн онд 82 хүн эл ослоор амиа алдсаны 10 нь балчир үрс байв. Энэ нь эцэг, эхийн хараа хяналт сул байгааг харуулж буй. Тодруулбал, 2015-2019 онд усанд осолдсон тохиолдлын 52 хувь нь амралт зугаалга, 19 хувь нь гармаар гарах, зорчих үед, 15 хувь нь эцэг, эхийн хараа хяналтгүй байдлын уршгаар эндсэн бага насны хүүхдүүд байжээ. Мөн энэ хугацаанд гол, мөрөн, хиймэл нуур, тогтоол усанд осолдож нас барсан 0-17 насны 124 хүүхдийн 31 хувь нь 11-15-тай буюу өсвөр үеийнхэн, 23 хувь нь 6-10 настнууд байгаа юм. 0-5 насны хүүхдүүд 27 хувийг эзэлж буй. Ийм балчир үрс эцэг, эх, асран хамгаалагчийн хамт л гол усанд ойртож байгаа. Харамсалтай нь, асарч, тойлж, харж хандах үүрэгтэй хүмүүс нь анхаарлаа сулруулсны улмаас тэд амиа алдахад хүрчээ.
Өөр нэг баримт нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд усанд эндсэн хүмүүсийн багагүй хувь нь хиймэл нуур, тогтоол усанд унаж, осолдсон байх юм. Хиймэл нуур, тогтоол ус үүссэн тохиолдолд орохыг хориглох тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй, хашаа хатгаагүйн улмаас хүн, ялангуяа хүүхдүүд орж эндэх нь цөөнгүй. “Хан талст” компанийн наран шарлагын газар байгуулах нэрээр барилга барихаар ухсан нүхний тогтоол усанд 10 гаруй хоногийн өмнө дөрвөн хүү эндсэн харамсалтай явдлыг уншигчид санаж буй байх. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр хүүхдүүд амь эрсэдсэний дараа тэнд орохыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна билээ. Анхнаасаа л аюулгүй байдлаа хангасан бол хэн нэгэн өнчрөл, хагацал амсахгүй байсан ч юм бил үү. Үүнээс сургамж авч, тогтоол ус, хиймэл нуур орчимд анхааруулах самбар байршуулж, усны гүнийг бичиж тэмдэглэх хэрэгтэй байна.
Усанд осолдсон иргэдийн 87 хувь нь эрчүүд. Тэд аялж, зугаалахдаа ихэвчлэн архи, согтууруулах ундаа хэрэглэн, гол усанд ордог нь амиа алдах шалтгаан болж буйг онцгой байдлын албанаас сэрэмжлүүлдэг. Ахуйн гал, уурхайн осол, салхи шуурга, үер ус зэрэг аюул гамшигт өртөн амиа алдсан хүмүүсийн олонх нь мөн л усанд хөл алджээ. Өнгөрсөн оны байдлаас харахад эдгээр ослын улмаас эндсэн иргэдийн тоогоор Төв аймаг тэргүүлж байна. Тус аймагт дээрх ослын улмаас нас барсан хүмүүсийн 60 хувь нь үер, устай “холбогджээ”. Ослын улмаас амиа алдсан хүний тоогоор Дархан-Уул, Дундговь аймаг удаалж буй. Саяхан л гэхэд Булган аймгийн Тэшиг сумын Харгал нууранд 43 настай Б осолдлоо. Урин дулааны улиралд усанд осолдсон гэх дуудлагагүй өнжих нь тун ховор байдгийг онцгой байдлынхан хэлж буй.
Энэ ослоос хэрхэн сэргийлэх талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Д.БАТ-ЭРДЭНЭ: БУЙР НУУРЫН ОРЧИМ ДАДЛАГАЖУУЛАХ ТӨВ БАЙГУУЛНА
-Зуны цагт иргэд аялал зугаалгаар их явдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орж, эндэх нь олон. Мөн хүүхдүүд эцэг, эхийн хараа хяналтгүй гол нууранд очих нь ихсэж, нэгнийгээ даган усанд сэлэх гээд амиа алдах нь цөөнгүй. Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүрэг гээд гол, тогтоол устай газруудад хүмүүс олноор цугларч, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас усанд алдах тохиолдол цөөнгүй гардаг. Мөн орон нутагт малаа усалж яваад морьтойгоо унаж эндэх явдал гарсаар байна. Баталгаат бус гарам, гүүрээр тээврийн хэрэгсэлтэй зорчиж яваад осолдох нь бий. Усны осол нь ихэвчлэн хүний хайхрамжгүй үйлдэл, болгоомжгүй байдлаас гардаг учир сонор сэрэмжтэй байвал сэргийлэх боломжтой. Аадар бороо, үер зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас амиа алдаж буй хүн цөөн шүү дээ.
-Усны гүн рүү шумбахад хэрэглэх тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл хангалттай юу?-Бүх аймгийн Онцгой байдлын газар, тэр тусмаа гол, нуур элбэгтэй орон нутаг дахь онцгой байдлын албыг зориулалтын тоног төхөөрөмжөөр хангасан. Эрэл хайгуул хийх тусгай зориулалтын завь, хувцас, хэрэглэл бий. Гэвч томоохон хэмжээний осол гарч эрэн хайх ажиллагааг зэрэг явуулахаар болбол хүрэлцэхгүй.
-Усчин аврагчийг хэрхэн бэлтгэж байна вэ. Хэдэн метрийн гүнд шумбах чадвартай бол?-Сүүлийн жилүүдэд усчин аврагч бэлтгэх сургалтын төвүүд байгуулж, тэнд дадлагажуулж байна. Хөвсгөл, Хяргас нуурыг түшиглэн уснаас эрэн хайх, аврах ажиллагааны төв байгуулсан. Энэ онд Дорнод аймгийн Буйр нуурын эрэгт дадлагажуулах төвтэй болно. Мөн Сэлэнгэ аймагт урсгал усны дасгал сургуулилалт байнга хийж байгаа. Урсгал болон тогтоол усанд аврах ажиллагаа явуулахад онцлог ялгаатай. Мэргэшсэн түвшнээсээ шалтгаалан манай аврагчдын шумбах усны гүн харилцан адилгүй. Анхан шатны аврагчид 3-5, цаашлаад 5-10, түүнээс дээш метрийн гүнд шумбадаг. Зуны цагт дадлага хийх явцдаа эргүүлд гардаг юм. Ингэснээр осол гарахад шуурхай очиж аврах боломжтой.
-Гол, нуурын эрэг орчим амарч зугаалж яваа иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?-Голын сав, нуурын эрэг орчим амрахдаа хаана байрлах вэ гэдгээ сайн тооцох хэрэгтэй. Малчид мөн гол уснаас хол буух нь зүйтэй. Сүүлийн хэдэн жил ус урсаагүй гээд сайр дотор буучихсан айл байдаг. Нэг өдрийн аадар борооноор ус ороод ирэх аюултай. Ус хоромхон зуур л урсаад ирэх учир голын сайр орчимд бууж болохгүй. Мөн бага зэрэг сэлж чаддаг хүмүүс усанд эндэх нь цөөнгүй. Усанд ам гарч болохгүй гэдэг дээ. Уснаас айдаг, ойртдоггүй хүмүүс живсэн тохиолдол цөөн. Хүүхдийг гол ус руу ганцааранг нь бүү явуулаарай. Нэгэнт ус залгиад живсэн хүнийг аврах боломж тун бага. Хамгийн хэцүү нь аврагчид цогцсыг нь л гаргаж авдаг. Тиймээс гол, нуурын ойр амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой сонор сэрэмжтэй байж, согтуу үедээ усанд орохгүй байхыг зөвлөе.
Эх сурвалж: Өнөөдөр сонин 2020.06.12