Чингэлтэй дүүрэгт 18:00 цаг хүртэл хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг хязгаарлана
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр /2020.05.07/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоож, цар тахлаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль хийж байна.
Өнөөдөр 08:00 цагаас эхэлсэн хөл хорио 18.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хөл хорио маш хатуу дэглэмтэй учраас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахгүй. Хэрэв танай байгууллага ажиллах бол ажлын байрнаас гарахгүйгээр дотоод зохион байгуулалтад орохыг эртнээс сануулсан учир дэглэмийг мөрдөөрэй хэмээн сануулж, анхааруулж байгаа аж Мөн дадлага сургуулилтад нийт 63.9 км хил дотор 150 гаруй мянган хүн хамрагдах юм. Дүүргийн иргэд гэртээ хөл хорионы дэглэмд байна. Хөл хорионы үед гэрээсээ гарвал 150 мянгаар торгоно.
Тухайн цаг үед цагдаагийн байгууллага хэв журам тогтоох бөгөөд хөл хорионы хүрээнд цэргийн техник, албан хаагчид дадлага сургуулилт хийнэ. Сургуулилтын үеэр гарсан бүх хүндрэл бэрхшээлийг тэмдэглэж, Шуурхай штабт мэдээлнэ.
Хөл хориог Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар гэсэн нийтдээ 63.9 км газарт тогтооно.