Үндэсний геологийн алба байгуулах тогтоол батлагдлаа
Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлав. Тогтоолд, Үндэсний геологийн албыг сэргээн байгуулахаар тусгажээ.
Тус албыг УУХҮЯ-ны хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар байгуулах бөгөөд Монгол орны газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологи, геохими, геофизик зэрэг судалгааны аргуудаар цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэх үүрэгтэй ажиллах юм. Мөн эрдэс баялгийг нээн илрүүлж, улсын мэдээллийн санд бүртгүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, эрдсийн шинжилгээ хийх, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд ажиллах юм байна.
Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв (ТӨҮГ), Геологийн төв лаборатори (ТӨҮГ) нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллахаар төсөлд тусгажээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргаж дэмжжээ. .
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, 1990-ээд оны үед Үндэсний геологийн албыг албан ёсоор татан буулгаснаас хойш уул уурхай, геологийн салбарт төрийн бодлого, хараа хяналт суларсан гэдгийг онцлов. Монгол Улсад сүүлийн 30 жилийн хугацаанд бий болсон хариуцлагагүй уул уурхай, замбараагүй байдлыг төрийн бодлогоор цэгцэлж, оновчтой, зөв үе шаттай ажил хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Энэхүү албыг байгуулснаар, Монгол Улсын эдийн засагт тэргүүлэх салбар болох уул уурхай, геологийн салбарыг шинжлэх ухаанч байдлаар олон улсын түвшинд гаргах боломж бүрдэнэ. Энэ алба нь зөвхөн уул уурхайн геологи хайгуул биш, усны хайгуул, хөрсний судалгаа болон барилга бүтээн байгуулалт, хот төлөвлөлтөд оролцох зэрэг ач холбогдолтой гэдгийг тайлбарлалаа. Сангийн яамтай зөвшилцсөнөөр нэмэлт хөрөнгө шаардахгүйгээр, батлагдсан төсвийн хүрээнд бүтэц орон тоог байгуулна гэдгийг тодотгов. Цаашид ажлыг өргөжүүлж Геологийн төв лаборатори, АМГТГ-ыг түшиглэн 21 аймагт салбар байгуулах шаардлагатайг тэмдэглэж байлаа.
УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөр, Урт, дунд хугацааны бодлогыг судалсан бөгөөд Үндэсний аюулгүй байдалтай холбоотой геологи, геофизик, геохимийн зэрэг оновчтой чиглэлд судалгааг хийнэ гэдгийг тодотгов. Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын судалгааг гарган цэгцэлж нэгдсэн мэдээллийн санг байгуулна гэж хариултдаа онцолсон. Одоогоор, нийгэм эдийн засагт ач холбогдол бүхий эрчим хүчний салбарыг тэжээх нүүрсний ордуудын мэдээлэл байгааг тэмдэглэв.
Мөн мэргэжилтний хувьд, ШУТИС-д бакалавр, магистр, докторын сургалт явуулж байгаа бөгөөд ОХУ, Япон, БНСУ, ХБНГУ-д мэргэжилтэн бэлтгэгдэж байгааг дуулгалаа. Хэдийгээр боловсон хүчнийг мэргэшүүлэх бодлого алдагдаж ирсэн тул цаашид энэ чиглэлд ажиллана гэв.
Мөн гишүүдийн асуултад хариулахдаа, нийгэм эдийн засагт томоохон нөлөө үзүүлэхүйц орд газруудын судалгааг давхар хийж байгааг дурдаж цаашид нэмэлт хөрөнгө оруулах шаардлагатайг хэлж байлаа. Ингэснээр, тэдгээр ордын тухай УИХ-аар хэлэлцэж Баялгийн сангийн тухай хуультай нэгдсэн бодлогоор уялдуулна гэдгийг тэмдэглэв.
Ингээд Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны саналыг 64.1 хувь дэмжсэн. Иймд тус төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.