1072 хувьцааг сонгуулийн жилд амилуулах уу?
2020 он бол сонгуулийн жил. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө биелүүлэх сүүлийн жил. Тэр утгаараа биелээгүй зорилтоо биелүүлж ажиллах жил. Үүний нэг нь 1072 хувьцааг амь оруулах юм. Тэгвэл 2020 онд 1072 хувьцаа амилах уу?
"Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд 1.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбумын ашигтай ажилласан. Үүнээсээ ногдал ашиг тараахад хувьцааны 2.5 эзэмшигчээс нэг хүнд 26800 төгрөг ногдсон. Энэ нь нэг хүнд очиход дэндүү өгөөжгүй нь тодорхой. Ингэснээр "Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ хуралдаж, 1072 ширхэг хувьцааг энэ онд тараахгүй. Харин оронд нь Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөвт хэрэгтэй, Тавантолгой ордын өгөөжийг нэмэгдүүлэх томоохон бүтээн байгуулалтад зарцуулахаар болсон юм. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оны 807 тэрбум төгрөгийн ашгийнхаа 750 тэрбум төгрөгөөр тус төмөр замыг санхүүжүүлэхээр тогтсон. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Иргэдэд ногдол ашиг болгон 55.4 тэрбум төгрөгийг хуваарилахаар төлөвлөж байсан. Засгийн газар ч ийм чиглэл өгсөн. Гэвч иргэд бүртгэлээ 100 хувь хийгээгүй байгаа учраас зохион байгуулахад хүндрэл үүссэн. Мөн иргэдээс ногдол ашиг хүртээх нь зөв эсэхээр санал авсан. Санал асуулга цахимаар явагдсан. Санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь томоохон бүтээн байгуулалтад зарцуулахыг дэмжсэн. Тиймээс компанийн цэвэр ашиг 750 тэрбум төгрөгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан” гэсэн.
Ингэснээр 1072 хувьцааны ногдол ашиг тараах ажил түр зогссон юм. Тэгвэл мөрийн хөтөлбөрөө биелүүлэх сүүлийн жил, угтан ирэх сонгуультай холбоотой хувьцаа амилах уу гэдэг горьдлого олон нийтийн дунд байсаар байгаа. "Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд мөн л ашигтай ажилласан. Тус компани 16.1 сая тонн нүүрс олборлож, 2.66 их наяд /тэрбум ам.доллар/ төгрөгийн борлуулалтын орлого олсон. Ингэснээр улсын төсөвт 660 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа зарласан юм.
Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ногдал ашиг хуваарилахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр, "Ногдол ашгийн талаар тодорхой хэлчихсэн. Одоо 26 мянган төгрөг өгөх үү. Эсвэл таван жилийн дараа төмөр замаа тавиад, баяжуулах, коксын үйлдвэрүүдээ бариад, эрчим хүчний эх үүсвэрээ шийдэх үү. Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаад, үйл ажиллагаа, цар хүрээгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болоод, дараа нь 5, 10 дахин ногдол ашиг хуваарилж болно. Энэ бодлогыг л Засгийн газар барьж байгаа. Өнөөдөр улс төр хийж байгаа хүмүүсийг сайн ойлгож байна. Харин бид хувьцааны үнэ цэнийг өсгөх, компанийн үнэлгээг тогтоох ажлыг хийж байгаа. Олон улсын биржийн үнэлгээний стандартаар бид үнэ цэнийг тогтоох ёстой. Тиймээс зөв юмаараа улс төр хийгээрэй гэж хэлмээр байна. Энэ сэдвийг барьж аваад явбал сонгогдох байх гэсэн ойрын бодолтой хүмүүс байна” гэсэн юм.
Товчхондоо, салбарын сайдын хэлж буй, энэ Засгийн газрын баримталж байгаа бодлого нь өнөөдөр 1072 хувьцаа нэрийдлээр нэг иргэнд 26800 төгрөг татвараа хасаад 25000 мянга орчим төгрөг тараах бус ордын өгөөж өсөхөөр нь эзэмшүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, урьдчилсан тооцооллоор 2023 он гэхэд "Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтын орлого нь 2.1 тэрбум ам.долларт хүрч, жилийн 950 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах боломжтой. Ингэснээр нийт 800 сая ам.долларын ногдол ашиг тараах тоцооллыг хийжээ. Ингэхээр нэгж хувьцааны үнэ өнөөдрийнхөөс хэд дахин өснө. Тэр үед 1072 хувьцааг амилуулах гэнэ.