С.Эрдэнэ дүрмийн дагуу АН-ын даргын ажлаа өглөө
С.Эрдэнэ мэдээлэл хийж, сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулж чадаагүй тус намын дүрмийн дагуу АН-ын даргын ажлаа өгч буйгаа илэрхийллээ. Тэрбээр “Ардчилсан нам УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр төлөвлөсөн хэмжээндээ амжилт үзүүлж чадсангүй. Тиймээс намынхаа үндсэн дүрмийн дагуу үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. Энэ удаагийн сонгуулийн дүнгээс харахад Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Сонгуулийн төлөөллийн зарчим хангагдахгүй байна. Мөн ардчилсан хүчний намууд нэгдэж байж үр дүнд хүрэхээс биш тархай бутархай байвал бидний хүсээгүй дүн гарна гэдгийг харуулсан сонгууль боллоо. Сонгуульд толгойлж оролцсон хүний хувьд надад алдаа оноотой шийдвэрүүд байсныг хүлээн зөвшөөрнө. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөж ажиллаж чадаагүй нь сонгуулийн боломжийг алдсаных.
Ардчилсан намын даргын хувьд нийт сонгуулийн даргын хувьд ард түмнээсээ уучлалт гуйж байна. Өнөөдөр биднийг дэмжээгүй ч цаашид сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн хүчин нам болно гэдгийг илэрхийлж байна. Хэрэв ардчилсан хүчний намууд нэгдэж сонгуульд оролцсон бол 55 хувийн санал авах боломж байлаа. 30 жил энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Намын үндсэн дүрмийн хүрээнд даргын түр эрх, тамгыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон, АН-ын дэд дарга Ц.Туваанд өгч байна. АН-ын дотоод ажилд надаас дутахгүй ажилласан учраас Ц.Туваанд итгэж байна” гэсэн юм.