Чингэлтэй дүүргийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг дэмжих, дүүргийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг бий болгох зорилгоор дүүргийн хүн амын нягтаршил ихтэй, дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-ийг байгуулж, нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал Т.Энхтуяа, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр нар болон бусад албаныхан, иргэд залуучууд оролцлоо.
Төвийн нэгдүгээр давхарт төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулах “Чингэлтэйд үйлдвэрлэв-3” төв, хоёрдугаар давхарт “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” тус тус байрлаж байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв нь аль ч насны хүнд ажил, мэргэжлийн талаар зөвлөгөө мэдээлэл хүргэх, ажил мэргэжлийн сонголтоо хийхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, чиглүүлэх хэлбэрээр сургалт, уулзалт зохион байгуулах, алслагдмал хороодын иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг чанартай, шуурхай хүргэх зорилготой юм. Шаардлагатай тохиолдолд ажил, мэргэжлийн мэргэшсэн зөвлөхөөс ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл авч, хувиараа хөдөлмөр эрхлэх, ажилд зуучлуулах зэрэг бусад төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой юм.
Иргэд, ажил олгогчид та бүхнийг Чингэлтэй дүүргийн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-д хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг урьж байна.