Тэрэлж орчмын хур хогийг цэвэрлэжээ
Налайх дүүргийн Тэрэлж, Гордокийн салдаг уулзвар Зүүн чиглэлийн постын дэргэд иргэд хогоо хаяснаас их хэмжээний хур хог үүсгэжээ. Тиймээс үүссэн хур хогийг яаралтай арилгах үүргийг Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-т өгсөн тул тус газраас Зүүн пост, Өнөр амралтын газрын дэргэдэх зам дагуух хог, Тэрэлжийн гүүрэн дээх төвлөрсөн хур хогийг долоон рейсээр зөөн ачиж дуусгасан байна.
Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Экологийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж буй “ИРЛЭЭ-ЯВЛАА-ЦЭВЭР” аян үргэлжилж байгаа. Тус аян нь байгальд аялахдаа хог хаяхгүй байх, буруу дадал хэвшлээ таслан зогсоох зорилготой бөгөөд аяны хүрээнд дараах 10 зорилтыг дэвшүүлсэн. Тухайлбал, төлөвлөгөөтэй аялах, орчныг бохирдуулахгүй, ан амьдыг үргээхгүй байх, түүх соёлын дурсгалт газруудад хүндэтгэлтэй хандах, шинэ зам гаргахгүй байх, аюулгүй байдлаа хангах, байгальд ээлтэй хандах тал дээр зөв дадлыг хэвшүүлэх, бурууг таслан зогсоох, эерэг үйлдлийг бусдад уриалах, бусдын орон зайд хүндэтгэлтэй хандах зэрэг арван зорилтыг дэвшүүлж, олон нийтэд уриалж байгаа юм байна.
Тиймээс Экологийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж буй байгальд хог хаягдлаа үлдээхгүй "Явлаа, Ирлээ, Цэвэр" аянд иргэдийг нэгдэхийг уриалж байна.