Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн чиглэлийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн ДЦС-ын “их зогсолтыг” түр хойшлуулжээ
Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц жилд нэг удаа бүрэн зогсолт хийж, засвар үйлчилгээгээ базаан, өвөлд бэлддэг. Энэ жилийн зогсолтыг өнгөрөгч амралтын өдөр буюу 7 сарын 25,26-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байсан ч Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн чиглэлийн дагуу түр хугацаагаар хойшлуулжээ. Учир нь Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын дэд станцыг ашиглалтад оруулах ажлын хүрээнд АШ-203, 204-ийн цахилгаан дамжуулагч утас болон аянгын тросс солих ажил энэ сарын 22-нд эхэлсэн байна. Уг ажлыг гүйцэтгэхдээ АШ-203, 204-ийг зэрэг таслан хийх тул системийн горим ажиллагаанд нөлөөлөхүйц схемийн өөрчлөлт орох аж. Үүнтэй холбоотойгоор Дархан Сэлэнгэ, Эрдэнэт Булганы районы хэрэглээг цахилгаан эрчим хүчээр хангаж ажиллах шаардлагатой болсон тул ийнхүү ирэх сарын дунд үе хүртэл хойшлуулжээ.Дээрх бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн ДЦС-аас гадна Дарханы ДЦС, Эрдэнэтийн ДЦС, Дархан НЦС, Моннаран НЦС болон импортын цахилгаан эрчим хүчээр хангаж ажиллахаар болсон байна. Эрдэнэт үйлдвэрийн ДЦС өнөөдрийн байдлаар 3 зуух, 4 машины горимоор хэвийн ажиллаж, төлөвлөгөөт засвар болон хөрөнгө оруулалтын ажлууд үргэлжилж буйг тус станцын Ерөнхий инженер Д.Дарханбаяр мэдээллээ.