Л.Мөнхтүшиг: Наймдугаар сард нийтдээ 14 нислэг хийнэ
УОК-ын мэдээллийн үеэр наймдугаар сард эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.Тэрээр “Наймдугаар сард иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн хуваариа батлууллаа. Наймдугаар сард нийтдээ 14 нислэг хийнэ. Үүнээс БНСУ-д байгаа иргэдийг татан авах гурван нислэг, Европын орнуудад байгаа иргэдээ татан авах нислэгийг Франкфурт руу гурван удаа, Токио хот руу хоёр удаа, Австралид байгаа иргэдээ татан авах буюу Сидней хот руу нэг удаа, Энэтхэг болон Вьетнамд байгаа иргэдээ татан авах нислэгийг нэг удаа , Станбул руу нэг удаа, АНУ руу нэг удаагийн нислэг, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чех улсаас нутаг буцах хүсэлтэй байгаа 100 гаруй иргэнийг авчрах Чехийн онгоцыг хүлээж авах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр найман чиглэлд 14 нислэг хийж, 3460 иргэнээ татаж авах урьдчилсан тооцоо гаргалаа. Тусгаарлах байрны нөөц бололцоог харж байгаад найман сарын дунд болон сүүлээр нэмэлт нислэг хийх боломжийг судална." гэв.