Т.Баясах: ЗД-ын нөөц хөрөнгөөр БЗД-ийн цэцэрлэг, сургуулийг гар ариутгагч, халуун хэмжигчээр хангасан

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар эхлүүлэх шийдвэр гарсан. Маргааш хичээл эхлэх нь. 2020-2021 оны хичээлийн шинэ жилд Нийслэлийн Баянзүрх дүүргийн цэцэрлэг, сургуулийн бэлтгэл ажил хэр хангагдсан талаар тус дүүргийн Засаг дарга Т.Баясахтай ярилцлаа. Цар тахлын хүндхэн нөхцөлд энэ удаагийн хичээл эхэлж байгаа. Төсөв мөнгөний хүрэлцээний асуудлаас болж цэцэрлэг, сургуулийн ариутгал халдваргүйжүүлэлт хангалтгүй байгаа талаар шүүмжлэлүүд ихээр гарч байгаа. Тэгвэл дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөр төрийн өмчийн бүх сургууль, цэцэрлэгүүдээ халуун хэмжигч, гар ариутгагчаар ханган ажиллаж буйгаараа онцлогтой.
–БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ 27,596 ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ, 77,800 ХҮҮХЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХААР БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДЛАА-
–Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг маргаашнаас үе шаттайгаар эхлүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан цэцэрлэгийн багачууд, сургуулийн сурагчдаа хүлээж авах бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?
-Юуны өмнө танай сайтын уншигчдад өдрийн мэнд хүргэе. Манай дүүрэг Нийслэлийн хамгийн том дүүрэг гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Өнөөдрийн байдлаар 123 мянган хүүхэд албан ёсоор оршин сууж байна. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хоёрдугаар сараас хойш танхимын сургалт явагдаагүй. Есдүгээр сарын 01-нээс албан ёсоор эхлэхээр болсон. Хичээлийн шинэ жил онцгой нөхцөлд эхэлж байгаатай холбоотойгоор манай дүүргийн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд нэлээдгүй арга хэмжээг авч ажиллаж байна.
-Дүүргийн хэмжээнд хэчнээн хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагдах төлөвтэй байна вэ?
-Энэ жилийн хувьд манай дүүргийн төрийн өмчийн 45 цэцэрлэг, төрийн бус өмчийн 152 цэцэрлэгт 27 мянган хүүхэд СӨБ-д хамрагдахаар бүртгүүлээд байна. Мөн Төрийн өмчийн 32 сургууль, төрийн бус өмчийн 27 сургуульд нийт 77 мянган хүүхэд суралцахаар бэлтгэл ажил хангагдсан. Энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй гэсэн шийдвэр гарсан. Манай дүүргийн хэмжээнд 8 мянга орчим хоёр настай хүүхэд бий.
-Энэ хичээлийн шинэ жилд танай дүүрэгт хэчнээн цэцэрлэг, сургууль ашиглалтад орох бэ?
-Энэ жилийн хувьд гурван цэцэрлэг, хоёр сургууль нэмж шинээр ашиглалтад орж байгаа. Гурван хороонд баригдаж байгаа цэцэрлэгийн барилга хараахан ашиглалтад ороогүй ч, энэ ондоо багтаж ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 18 цэцэрлэг, 15 сургууль ашиглалтад орсон. Дүүргийн удирдлагууд бид боловсролын салбарт түлхүү анхаарч ажилласны үр дүнд хүүхдүүдийн сурч боловсрох орчин сайжирч байгаа гэж хэлж болно. Жишээ нь, гурван ээлжээр хичээллэдэг байсан сургуулиуд хоёр ээлжээр хичээллэх боломжтой болсон.
–ДУУ ХӨГЖМИЙН АНГИ, СПОРТЫН ЗААЛУУДАА ХИЧЭЭЛ ОРОХОД ЗОРИУЛАН НЭМЖ БЭЛТГЭСЭН-
-Танай дүүргийн сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг байсан нь сайжирч хоёр ээлжээр хичээллэдэг болсон гэлээ. Гэтэл нэг анги 2-3 цагаар 20-25 хүүхдийн дүүргэлттэйгээр хичээллэхээс хамаараад дахин гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсч байх шиг байна. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн хүрэлцээний асуудал гарч ирсэн байх. Энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэв?
-УОК, БШУЯ, ЭМЯ-аас гаргасан зөвлөмжийн дагуу гурван ээлжээр, 20-25 хүүхдийн анги дүүргэлттэйгээр хичээллэхээр болсон. Энэ үүднээс цэцэрлэг, сургуулиуд өөрсдийн бүх нөөц бололцоогоо дайчлан дуу хөгжмийн танхим, биеийн тамирын заалуудаа хичээл ороход зориулан нэмж бэлтгэлээ. Зарим цэцэрлэгүүд унтлагын өрөөгөө анги болгон ашиглах замаар асуудлаа шийдвэрлэж байгаа юм. Долоо хоногийн эхний гурван өдөр заавал хичээллэнэ гэж заагаагүй тул ангиудыг ажлын таван өдөртөө багтаан хуваарилан хичээллүүлэхээр ажиллаж байна.
–Нэгдүгээр ангийнхан буюу шинэ сурагчдын элсэлтээс үүдэж сургуулиудын анги танхимын ачаалал хэр нэмэгдэхээр байна вэ?
-Энэ жил дүүргийн хэмжээнд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 10 мянган хүүхэд бий. Зарим томоохон сургуулиудад яалт ч үгүй хүндрэл тулгарч байгаа. Сургуулийн удирдлага, менежерүүд ярилцаад аль болох гурван ээлжээр хичээллүүлэхгүй байхаар зохицуулалтуудыг хийж байна. Шинэ бүлгүүд нэмэгдэхээр боловсон хүчний асуудал дагаад гарч ирсэн. Одоогийн байдлаар цэцэрлэгт 77 бүлэг шинээр нэмэгдэх төлөвлөгөөтэй байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн бүтэц орон тоог шинэчлэх шаардлага тулгарсан. Дээрээс нь цалингийн асуудал яригдана. Цалингийн сантай холбоотой асуудлаа Сангийн яам руу явуулчихсан, хүлээгдэж байна. Бүтэц орон тоог дүүргийн Засаг дарга баталдаг. Тиймээс хичээл эхлэхээс өмнө бүтцээ шинээр баталж, шинэ бүлгүүдэд багш нэмж авах ажлыг яаралтай зохион байгуулж байна.
-Дүүргийн хэмжээнд цэцэрлэг болоод сургуулиас хүүхэд хоцрох хоцрогдол ямар хувьтай байна. Өдийд “Анги дүүргэлтийнх нь асуудлаас болж миний хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадахгүй байх вий” гэсэн зовнил эцэг эхчүүдийн гол асуудал болдог шүү дээ.
-Сургуульд хамрагдалт 99 хувьтай, цэцэрлэгт хамрагдалт одоогийн байдлаар 73 хувьтай байгаа. Сургуулийн бүртгэлээс хасагдаж байгаа хүүхдүүд бий. Тэр нь хаягийн зөрчилтэй хүүхдүүд. Тухайн хороонд амьдардаггүй, ажилладаг болохоор ажлынхаа хажууд хүүхдүүдээ сургах сонирхолтой гэх шалтгаанаар тодорхой хэмжээний бүртгэл цуцлагддаг. Ялангуяа манай төвийн хороодын сургуулиудад ийм асуудал гардаг. 3-5 настай буюу цэцэрлэгт хамрагдвал зохих 36 мянган хүүхэд бий. Үүнээс 27 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Эдгээр хүүхдүүдийн 13 мянга нь улсын, есөн мянга нь хувийн цэцэрлэгт хамрагдаж байна. Хүн ам нэмэгдэж байгаа тул сургууль цэцэрлэгт хамрагдалтын асуудал яалт ч үгүй жил бүр гарч ирдэг.
-ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ТӨРИЙН БҮХ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ХАЛУУН ХЭМЖИГЧ, ГАР АРИУТГАГЧААР ХАНГАЖ БАЙГАА-
–Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор цэцэрлэг, сургуулиудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэв үү. Төсөв мөнгөтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд зарим сургуулиудад энэ ажил хангалтгүй байгаа гэх шүүмжлэлүүд гарч байна. Танай дүүрэгт энэхүү бэлтгэл ажил орхигдолтой байна уу, эсвэл хийгдэв үү?
-Саяхан сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажилтай танилцаад ямар хүндрэл бэрхшээлүүд тулгарч байгаа талаар ярилцсан. Энэхүү уулзалтын дараа өнгөрөгч пүрэв гарагт Засаг даргын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар төрийн өмчийн бүх цэцэрлэг, сургуулиудад халуун хэмжигч, гар ариутгагч авах төсвийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ. Бид хүүхдүүдийн эрүүл мэндийг нэгдүгээрт тавих ёстой. Мөн сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн боломж бололцоогоороо ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэж байна.
-Та түрүүн хүндрэл бэрхшээлийн талаар ярилцсан гэлээ. Голдуу ямар бэрхшээлүүд тулгарч байгааг дурдвал?
-Гол хүндрэл бэрхшээл ариутгал, халдваргүйжүүлэлттэй холбоотой. Улсын хэмжээнд төсөв хүндрэлтэй байгаа гэдэг шалтгаанаар сургуулиудын төсөв танагдсан. Сургууль, цэцэрлэгүүдийн өөрсдийнх нь төсөв хязгаарлагдмал байгаа тул яалт ч үгүй гар ариутгагч, халуун хэмжигч авах боломжгүй болсон. Үүнийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэлээ. Хичээл эхлэхэд бүх сургууль, цэцэрлэг халуун хэмжигчтэй, бүх ангиуд гар ариутгагчтай байхаар төлөвлөн ажиллаж байна.
–Баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажил төсөв мөнгөнөөс болж царцсан асуудал бий юү?
-Одоогоор тийм асуудал алга. Харин сургууль цэцэрлэгийн урсгал засварын ажил төсөв танагдсанаас болж хангалттай хийгдсэнгүй. Гэхдээ хоёрдугаар сараас хойш хичээл ороогүй тул элэгдэл, хорогдол харьцангуй гайгүй байна. Бүх хороодыг цэцэрлэгтэй болгоно гэсэн зорилго маань ерөнхийдөө биелээд явж байна. Тухайлбал манай хоёрдугаар хороо цэцэрлэггүй байсан. Иймд төрөөс хувийн цэцэрлэгийг түрээслэх замаар улсын нэг цэцэрлэгийн бүлэг болгон ажиллуулж тус хорооны 300 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаар болсон.
-Ярилцаж, мэдээлэл өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ