С.Мандахбат: УИХ, Засгийн газарт санаатайгаар роялти давхар авах зорилго байгаагүй байх
-Ашигт малтмалаа хэдээр ямар этгээдэд зарж байгаа нь хяналтгүй байна. Энд мөнгө угаах ажиллагаа явагдаж байж болзошгүй гэсэн хардлага олон улсад хүчтэй яригдаж байдаг-
-Үндсэн хуулийн цэц Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгийг хүчингүй болгочихлоо. Ингэснээр уул уурхайн компаниуд улсад роялти төлөхгүй болж байна. Энэ асуудал дээр таны байр, суурь ямар байна вэ?
-Өнгөрсөн хавар "Тээвэрлэгч компаниас АМНАТ төлсөн баримт нэхэж байна” гэсэн агуулгатай зүйлийг зарим нэг хүн яриад л байсан. "Роялтиг олон дахин нэхэх шаардлага байхгүй дээ” гэж бодоод л өнгөрч байлаа. Гэтэл яалт ч үгүй Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д орсон өөрчлөлт тээвэрлэгч компаниас роялти давхар авах гээд байгаа юм шиг ойлгогдоод байна. "Эрдэнэс Таван толгой”, Гурван тэс сумын "МАК”-ийн уурхайнууд ихэвчлэн уурхайн аман дээрээсээ нүүрс зарж байна. Тэд АМНАТ-ийг асуудалгүй төлчихөж байгаа юм. Гэтэл үүнийг нь тээвэрлэдэг компаниуд төлөх ёстой гэдэг агуулга тэр заалтад орсон байна. Харин "Энержи ресурс”, "Оюу толгой "зэрэг компани хилийн цаана төлбөрөө төлж байгаа. 47.1-ийн агуулга бол энд ч төлөх юм шиг, тэнд ч төлөх юм шиг нэлээд ойлгомжгүй боловсруулсан байна лээ. Өмнө нь ингэж АМНАТ алдаж байсан эсэхийг мэдэхгүй.
АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭД БОЛОН ТУХАЙН САЛБАРААС САНАЛ АВАХГҮЙГЭЭР ТӨСӨВ БАТЛАХДАА ЗӨВХӨН ТАТВАРЫН МӨНГӨ ХАРААД БАТАЛЧИХДАГ. ЭНЭ НЬ ЭРГЭЭД АМЬДРАЛ ДЭЭР БАЙГАА ОЛОХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ.
-Энэ заалтыг ямар учраас өөрчилсөн юм бол?. Ер нь АМНАТ-ийг давхар авах нь зөв үү?
-Сангийн яамны байр суурь бол ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олборлох эрхгүй этгээдүүд АМНАТ төлөхгүйгээр ашиг олоод байна л гээд байгаа шүү дээ. Хаанаас гарч ирсэн эрдэс баялгийг хэн бултуулаад зараад байгаа юм бэ? Нүүрсэн дээр тийм боломж баймааргүй юм. Тонн тонноор нь тайлангаа өгч байгаа. Миний ойлгож байгаагаар өмнө нь АМНАТ төлж байгаа байдлыг харахад Тавантолгойн нүүрсний үнэ өндөр байгаа үед 50-60 ам.доллараар тооцоод өгдөг. "Энержи ресурс” цаашаа угаагаад гаргаж байгаа учраас 110 орчим ам.доллар төлж байна гэсэн ойлголттой байсан. Давхар АМНАТ авах ямар ч үндэслэл байхгүй. Хил дээр үнийг нь бодитой гаргахад хүндрэл үүсэж байсныг үгүйсгэхгүй. Тэгээд л энэ будилаан үүсчих шиг боллоо. Хуулийн заалтаа анхнаасаа боловсруулахдаа ойлгомжтой бичсэн бол хүндрэл үүсэхгүй байсан байх. "Энержи ресурс” уурхайн аман дээрээс зарахгүй муу, сайн чанарын коксжих нүүрсээ холиод тодорхой бүтээгдэхүүн гаргаж байгаа. Үүний хилийн үнэ нь 100-аас дээш ам.доллар шүү дээ. Үүнээс нь АМНАТ 2.5 хувийг авахад тонн тутамд 25 ам.доллар болно гэсэн үг. "Эрдэнэс Тавантолгой”-н уурхайн аман дээрээс АМНАТ авахад хоёр дахин багыг авч болно. Нэгж бүтээгдэхүүнээс улсад оруулж байгаа орлогыг нь харахад "Энержи ресурс” илүү байгаа. Тэгэхээр улсын бодлого бол "Эрдэнэс Тавантолгой”-н бүтээгдэхүүнийг угаагаад гаргахыг л дэмжинэ шүү дээ. УИХ, Засгийн газарт санаатайгаар татвар давхар авах зорилго байгаагүй байх. Хуулийн төслийн томъёолол, түүнийгээ ойлгуулах, гааль, татвар, уул уурхайн компаниуд, тээвэрлэгч компаниудтайгаа ойлголцоогуй учраас өнөөдөр ийм асуудал үүссэн гэж бодож байна.
-Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгийг өөрчлөөд олон сар болж байхад уул уурхайн салбарынхан мэдээгүй л явж байсан шүү дээ?
-Дөрөвдүгээр сараас хойш хэрэгжсэн л байж таарна. Өнгөрсөн 6-7 сард ямархуу байдлаар хэрэгжсэнийг нь мэдэхгүй байна. Цэц зургадугаар сарын сүүлээр УИХ завсарлаж байх үеэр шийдвэр гаргасан юм билээ. Гэтэл УИХ "хүлээж авахгүй” гэдэг шийдвэр гаргасан юм байна. С.Баярмаа гэдэг иргэний гаргасан мэдээлэл дээр УИХ хууль батлахдаа санал аваагүй гэдэг зүйл хэлсэн байна лээ. Журмаар бол нэг сар вэб сайт дээрээ тавих ёстой. Эрх нь зөрчигдөж магадгүй оролцогч талуудын саналыг заавал авах ёстой гэдэг заалт бий. Энэ журмын дагуу эртнээс санал авсан бол компаниуд өөрсдийн байр, сууриа хэлнэ шүү дээ. Шууд л татварын зорилгоор "Энэ тэнд орлого гээгдээд байна” гэдэг шалтгаанаар дээрх заалтыг өөрчилсөн байж магадгүй.
Сангийн яамны шийдвэрүүд эхнийх биш. Шинэ Засгийн газар гараад 2018 оны төсвийг батлахдаа "ашигт малтмалын лицензийн наймаанаас татвар, хураамж авч чадахгүй байна” гэдэг шалтгаанаар ашигт малтмалын лицензтэй компаниуд хувьцаагаа шилжүүлэхэд нь 30 хувийн татвар авна гэдэг заалтыг оруулж ирсэн. "Газрын наймаа цэцэглээд байна. Газартай компанийн хувьцаа шилжүүлэхэд бас 30 хувийн татвар авна” гээд 2018 оны төсөв дээр баталчихсан. Ингээд 2018, 2019 онд уул уурхайн салбарт үндсэндээ хөрөнгө оруулалт зогссон. Хонгконг, Торонтогийн бирж дээр Монгол Улс татвар авна гэдэг аймшигтай. Хянахад, хэрэгжүүлэхэд боломжгүй, ойлгомжгүй. Сая ам.доллар яригдаж байгаа асуудал дээр 30 хувийн татвар авна гэхээр хөрөнгө оруулалтыг зогсоочихож байгаа юм. Хайгуулын лицензтэй компаниуд дэлхий даяараа байнга нэг этгээдээс нөгөө этгээд рүү шилжиж байдаг. Дээрээс нь лиценз шинээр олгохгүй учраас бүр зогсонги байдалтай болчихсон. Дахиад л нөгөө 68 хувийн татвар шиг нууцлагдмал байдалтай арилжаа бий болдог. Тухайн салбарынхантай ярилцахгүйгээр гэнэтийн шийдвэр гаргах нь аюул дагуулаад байна л даа. Цааш нь яривал олон улсын гэрээ хэлэлцээр зөрчиж байж болзошгүй.
-Тухайлбал, олон улсын ямар гэрээ хэлэлцээр зөрчиж байж болзошгүй вэ?
-Уул уурхайн салбарт гаднын хөрөнгө оруулагчид маш их хөрөнгө оруулсан байдаг. АНУ-тай манайх Ил тод байдлын хэлэлцээрийг байгуулсан. Энэ хэлэлцээр дээр юу гэж заасан байдаг вэ гэхээр "АНУ-ын хөрөнгө оруулалттай, тэдний ашиг сонирхол бүхий салбарт аливаа хууль, тогтоомж гаргахаас 30 хоногийн өмнө сэтгүүлд хэвлэнэ. АНУ-ын талд заавал мэдэгдэнэ” гэсэн агуулгатай зүйл байдаг. АНУ-ын маш олон хөрөнгө оруулагчид Монголын уул ууурхайн салбарт хөрөнгийн биржээр дамжуулаад болон шууд хөрөнгө оруулчихсан байгаа. Тэд нарын эрх ашиг хөндөгдөж таарна шүү дээ. Ялангуяа 2018 оны төсвийг батлахад дагалдсан олон хуулиудыг оруулж ирэхдээ уул уурхайн яамтайгаа яриагүй. Ер нь Төсвийн хуулийг дагаад 5-6 хууль гардаг юм. Аж ахуйн нэгж, иргэд болон тухайн салбараас санал авахгүйгээр төсөв батлахдаа зөвхөн татварын мөнгө хараад баталчихдаг. Энэ нь эргээд амьдрал дээр байгаа олохгүй байна шүү дээ.
-Компанийн төлөөллүүд "АМНАТ-ийг төлөхгүй гэж хэлээгүй. Бид төлнө” гэж хэлээд байгаа шүү дээ?
-Хоёр янзын компаниуд байх шиг байна. Тусгай зөвшөөрөлтэй нүүрс, алт, зэс олборлодог компаниуд бол 2.5 байна уу, 5 хувь байна уу хамаагүй өгч байгаа. Цаашид ч өгнө гэж хэлж байна. Гол гомдол гаргаад байгаа этгээдүүд нь баяжуулагч, угаагч зэрэг нэмүү өртөг шингээх үйлдвэрлэл явуулдаг компаниуд байх шиг байна.
Гол маргаан нь АМНАТ-ийг авахдаа үнэ тооцож авч байна шүү дээ. Алт, зэсийн үнэ олон нийтэд нээлттэй учраас хараад л тогтчихдог. Харин нүүрсэн дээр их түвэгтэй. Олон улсад зөвшөөрөгдсөн үнэ байхгүй. Коксжих нүүрсний гол хэрэглэгч нь Хятад. Хятадын тогтоож байгаа үнэ нь харьцангуй байдаг. Үүнээс болоод их маргаан үүсдэг. Австралид бол худалдан авагч, худалдагч хоёрын хоорондын гэрээгээр тогтдог юм. Гэтэл манайд яаж авалцаж, өгөлцсөнийг нь мэдэхгүй хардаж, сэрдэх асуудал үүсдэг. Энэ нь ортой байх үндэслэлтэй. Гол нь үнээ хаана яаж тогтоох вэ гэдэг л маргаан байдаг юм. Компаниуд огт төлдөггүй биш. Хэдэн зуун мянган тонн бүтээгдэхүүнийг нэг цэгээс нөгөө цэг рүү тээвэрлэж байгаа асуудал дээр бултах бололцоо ч байхгүй. Тийм сонирхол баймааргүй юм.
-Ашигт малтмалын тухай хуульд хуулийн цоорхой байна гэж ярьдаг. Үүнээс хамаарч байна уу?
-Манай татвар, төлбөр авч байгаа систем ойлгомжгүй учраас гааль жишиг үнэ гэдэг зүйл баримтлаад байдаг юм. Жишиг үнэ нь өөрөө маргаантай. "Тонныг нь 50 ам.доллараар авлаа шүү. Гэхдээ би хил дээр 40 ам.доллар гээд хэлчихье. Хил гарсаны дараа чи надад тонн тутамд нь 5 ам.доллар өгөөрэй” гэдэг ч юм уу, тохироо яваад байна гэдэг асуудлыг ярьдаг юм. Үүний цаана тодорхой хэмжээнд мөнгө угаах ажиллагаа явагдаж магадагүй тул худалдан авагчиддаа маш тодорхой сайн шаардлага тавих ёстой. Хууль бусаар олсон маш их мөнгийг хууль ёсных болгох ажиллагаа явагдаж байж болзошгүй гэсэн үг. Чамаас сая тонн нүүрсийг 50 сая ам.доллараар худалдаж аваад цааш нь Хятадын Х компанид зараад хууль ёсны мөнгөтэй болох жишээний. Зөвхөн нүүрс төдийгүй бүхий л төрлийн ашигт малтмалын худалдаа, арилжаанд ийм зүйл явж байж болзошгүй гэсэн олон улсын судалгаа бий. Тиймээс худалдан авагчаа сайн судлах хэрэгтэй болж байгаа юм. Нүүрсийг хэдээр хэнд зарж байгаа нь ямар ч хяналт байхгүй. Манай уул уурхайн компаниуд тендерийн хороотой. Тендерт оролцож байгаа хүмүүсийнх нь нэр болон худалдан авагчаа сонгож байгаа процесс нь ил тод байх ёстой. Үүнд нь Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хяналт тавьдаг байх ёстой. Үүнээс болоод "Үе үеийн сайдууд нүүрсээ хятадуудад зарж дундаас нь хувь авдаг гэнэ” гэдэг ярианууд яваад байгаа байхгүй юу.