Дүүргийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо
Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Ариунтуяа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл оролцож, мэдээлэл сонслоо.
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол танилцууллаа. Дүүргийн 1-6 хороодын орон сууц, СӨХ, Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон айл өрхийн зуух янданг шалган зөвлөгөө өгч, угаарын хий мэдрэгчээр хангах ажил хийгджээ. Үүнд 279 албан хаагч ажиллаж 24429 айл өрх хамрагджээ.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа, Г.Баатар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид авах асуудлаар мэдээлэл өглөө.
Коронавируст цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын талаар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва мэдээлэл өгсөн бол Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс чиг үүргийн дагуу авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбоотой мэдээллийг Онцгой комиссын гишүүдэд өглөө.
Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар цагдаагийн байгууллага хороодтой хамтран ажиллах тал дээр анхаарахыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Ариунтуяа үүрэг болголоо.
Дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, угаарын хийнд хордохоос сэргийлэх ажлыг илүү эрчимжүүлэн иргэдэд дахин мэдээлэл хүргэх тал дээр анхаарахыг үүрэг болголоо. Улсын онцгой комиссоос цар тахлын үеийн дэглэмийг бууруулж сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гарсан учраас боловсролын байгууллагуудын аюулгүй ажиллагаа, ариутгал, халдвараас сэргийлэх дэглэм зэргийг сахиулан үйл ажиллагаа явуулахыг Боловсролын хэлтсийн дарга Х.Батболдод үүрэг болголоо.
Мөн хүнс худалдаа үйлчилгээний байгууллага, иргэдэд үйлчлэх урлаг соёлын байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад анхаарах, граж болон нийтийн эзэмшлийн зам талбайд байгаа обьектийг чөлөөлөх, иргэдийн аюулгүй зорчих орчинг бий болгоход анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.