АН-д хийсэн аудитын шалгалтаар 8 тэрбумын зөрчил илэрчээ
Монголын улс төрийн түүхэнд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид болон горьлогчдод мөнгөний босго тогтоон төрийн эрх барих дээд байгууллагын сонгуулийг мөнгөний бооцоо болгох эхлэлийг С.Эрдэнэ тогтоосон.
УИХ-ын сонгуулиар тогтоосон энэ жишиг Орон нутгийн сонгуулиар ч үргэлжилж, нийслэл, дүүрэг, хороодын АН-ынхан шат шатандаа мөнгө нэхэж эхэлжээ.
УИХ-д нэр дэвших босго дэнчин 100 сая байсан бол одоо нийслэл, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээс 35-50 сая төгрөг нэхэж буй гэнэ.
С.Эрдэнэ УИХ-ын сонгуулиар 12 тэрбум төгрөг босгосон хэмээн гишүүд нь ярьж байна. Гэвч энэ мөнгө хэнд, юунд, яаж зарцуулагдсан нь тодорхой бус байгаа тул АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан наймдугаар сарын сүүлчээр аудитын шалгалт оруулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр 8 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 3 тэрбум нь хэрхсэн нь тодорхойгүй байгаа аж. Үлдсэнийг нь сонгуульд зарцуулсан гэж байгаа гэнэ. Гэвч сонгуульд ажилласан намын ухуулагчдын ажлын хөлс, хэвлэл мэдээллийн өр гээд сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой зайлшгүй төлбөрүүд болох хэдэн тэрбум төгрөг мөн төлөгдөөгүй эргэлзээтэй байгаа юм байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэрээр газрыг нь авч хөрөнгийг нь босгосон ч “Шонхор плаза” гэх хувийн ордноо барьж байгуулсан С.Эрдэнэ намын дарга болсноор АН-ын төв аппаратыг байраар ивээн тэтгэж байсан. Гэвч ҮБХ-ны гишүүдийн шахалт шаардлагаар намын даргаасаа огцрохоо мэдэгдсэн өдрийнхөө маргаашаас 7 хоногийн дотор АН-ыхныг байрнаасаа хөөж гаргаад VIP засвар хийлгээд байгаа аж.
Ийнхүү С.Эрдэнэ АН-ынхныг хувийнхаа орд харшид хэдэн жил үнэ төлбөргүй тансаглуулсныхаа хариуг өндрөөр үнэлж оффисын түрээс, ашиглалтын зардал, ажилтнуудын цалин хөлс гээд АН-ыг удирдаж байхдаа гаргасан зардал бүрээ дээрх 5 тэрбумд тооцон суутгасан гэх яриа ч гишүүдийнх нь дунд яригдаж байна. Үүнээс үзвэл С.Эрдэнэ өөрөө мөнгөтэй, намаа өртэй үлдээж рейтингээрээ 2-т жагсаж байсан намаа гудамжинд гаргаж хаяад амиа боджээ.