МАХН-ын дарга Н.Энхбаярын оронд түүний эхнэр О.Цолмон нэр дэвших үү?

Олон нийт аливаа мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр, үнэн, худлаа эсэхийг нь нягтлахгүйгээр шууд хүлээн авч цааш нь тараах тохиолдол их гардаг. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр Баянгол дүүрэг нэр дэвшинэ хэмээн шуугих боллоо. Бүр “Баянгол дүүрэгт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар өрсөлдөж гал гарсан сонгууль болох нь” хэмээн буруу ташаа мэдээлэл тараах болов. Учир нь, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших боломжгүй юм.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглосон заалт бий. Үүнийг МАХН-ын гишүүн, гавьяат хуульч Ц.Шаравдорж тэргүүтэй нэр бүхий иргэд эсэргүүцэж Үндсэн хуулийн цэцэд хандсан ч тухайн зохицуулалт нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх заалт хүчин төгөлдөр хэвээрээ байгаа гэсэн үг. Тэгэхээр МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй юм. Нам нь түүнийг нэр дэвшүүлж болох ч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шаардлага хангахгүй учраас Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзана.
МАХН түүний оронд хэн нэгнийг нөхөн нэр дэвшүүлэхээс өөр аргагүй. Ийм учраас "МАХН-ын дарга Н.Энхбаяр Баянгол дүүрэгт нэр дэвшинэ" гэдэг нь худлаа мэдээлэл. МАХН-ынхан ч дарга нь нэр дэвших боломжгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч нэр дэвшүүлж байгаа нь тэдний сонгуулийн сурталчилгааны тактик төдий зүйл. МАХН-ынхан “Манай намын даргаас айгаад нэр дэвшүүлсэнгүй”, МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө “МАНАН бүлэглэлийнхэн надаас айж байгаа юм байна. Тиймэс нэр дэвшүүлсэнгүй” гэж хэлээд сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Гэхдээ тэд энэ технологио өмнөх сонгуулиар ашиглаад ч амжилт олоогүй.
МАХН Н.Энхбаяр даргынхаа оронд түүний эхнэр, Монгол Улсын тэргүүн хатагтай асан О.Цолмонг нэр дэвшүүлэхийг үгүйсгэхгүй. О.Цолмон өмнөх сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан ч энэ удаад нэр дэвшилгүй үлдсэн нь санаандгүй тохиолдол биш байж мэднэ. Сонгуулийн ерөнхий хороо нөхрийг нь нэр дэвшигчдийн жагсаалтаас хассаны дараа тэрээр нөхөн нэр дэвших магадлал өндөр. Эсвэл МАХН УИХ-ын гишүүн асан, гавьяат хуульч Ц.Шаравдоржийг нэр дэвшүүлэх үү?
скачать dle 12.0

Холбоотой мэдээ