Гудамжинд гарсан АН-ын эцсийн орогнох цэг нь Монголын төр болсон уу!
Монголын улс төрийн гол хоёр хүчний нэг гэж өөрсдийгөө тодотгож ирсэн Ардчилсан нам, экс дарга С.Эрдэнийн хамт усанд хаясан чулуу мэт сураг алдрав. “Энэ сонгуульд намаа толгойлж орсон хүний хувьд надад алдаа оноо их байсан. Нөхөдтэйгөө зөвшилцөж шийдвэрээ гаргаж байсан ч буруу зүйл байсныг үгүйсгэхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаж чадаагүй нь ялагдлын нэг шалтгаан болсон. Үүнээс гадна идэвхтэй ажиллаж чадаагүй, сонгогчдынхоо итгэлийг хүлээж чадсангүй. Тиймээс АН-ын даргын хувьд сонгогчдоосоо хүлцэл хүсэж байна. Бид цаашдаа сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн улс төрийн хүчин болж ажиллах болно. Мөн намынхаа журмын нөхөд, дэмжигч нараасаа уучлалт хүсэж байна” хэмээсэн АН-ын дарга асан С.Эрдэнийн байр суурь одоо ч хуучраагүй хэвээрээ л байна. Гэвч тэр өөрөө алга. Түүнийг тойрч явсан, намынх нь дотоод асуудлын хүрээнд улс төрийн хүрээнд шийдвэр гаргаж ирсэн эрхэм нөхөд нь ч сураг алдрав.
Ц.Туваан, Д.Пүрэвдаваа гэсэн үүрэг гүйцэтгэгчийн хэмжээнд энэ намын үйл ажиллагаа, бодлого шийдвэр ойлгогдох боллоо. “С.Эрдэнээс болж АН сонгуульд ялагдал хүлээх бэлтгэлээ базааж эхэлсэн” гэх шүүмжлэлийн “бай”-г намаасаа нэр дэвшин, өрсөлдөж, ялалт байгуулсан Төрийн тэргүүн рүүгээ чиглүүлэх замаар өөрөөсөө бултуулж, албан тушаалаа өгч байсан тэрбээр өнөөдөр өөрөө бүдгэрээд зогсохгүй бүр “ичээ”-ндээ оржээ.
Цагтаа хамаг том эрх мэдлийг ганцхан гарт төвлөрүүлж, намынхаа бүх гишүүнээс сонгогдсон хэмээх Үндсэн дүрмийнхээ заалтын дагуу Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Сангийн сайд асан С.Баярцогт, хотын дарга асан Э.Бат-Үүл тэргүүтэй нэгэн үеийн лидер, эрх мэдэлтэй явсан хүмүүстээ хариуцлага тооцох нэрийдлээр АН-аас хөөх хүртэл арга хэмжээ авч явсан С.Эрдэнийг хаана байгааг өөрөөс нь өөр хүн мэдэхгүйд хүрсэн мэт. Өөрөө УИХ-д унасан ч өөрийнх нь шадар хүн болох Ц.Туваан Төв аймгаас торойгоод гарч ирсэн нь С.Эрдэнэд итгэл найдвар төрүүлж, үлдсэн боломж болсон нь анхаарал татна. Гэхдээ зөвхөн АН-ын дотоод уур амьсгалын хэмжээнд. “Намын үндсэн дүрмийн хүрээнд даргын түр эрх, тамгыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Туваанд шилжүүлж байна” хэмээн түүнийг мэдэгдэл хийснээс хойш гурван сарын хугацаанд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаас хууль тогтоогч болтлоо дэвшсэн Ц.Туваан тус намыг удирдан чиглүүлж буй. Хамгийн сонирхолтой нь, намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанаар бодлого зангидуулах болсон АН өдгөө орох оронгүй, оочих аяга ч үгүй болтлоо дорджээ. Ийн тодотгох болсон нь саяхны түүхтэй холбогдоно.З.Энхболдыг УИХ-ын дарга, С.Эрдэнийг Засгийн газрын гишүүн байхад үүсгэн байгуулж асан тухайн үеийн Ардчилсан хүчний холбоо АН-ын хамгийн нөлөөтэй нэгдлээр тодрох цаг үед Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хаяа дэрлэн сүндэрлэсэн өндөр “харш”-д “Шонхор”-ынхон төвхнөж байлаа. Улс төрийн нам, эвсэл гэхээсээ эрх барьж явсан намд шинээр “мэндэлсэн” фракц ийм хэмжээний барилгад суурьших болсон нь хэсэгтээ хэл ам, хардлага, шүүмжлэлийг дагуулж байв.
Ингэж явсаар 2016 оны сонгуулийн үр дүнгээр АН үнэмлэхүй ялагдал хүлээж, “Шонхор”-ынхон газарт буухад тус намын дарга З.Энхболд хариуцлага хүлээж, дараагийн удирдлагаа тодруулахад С.Эрдэнэ нэгээр гарч ирсэн нь гурван жилийн өмнөх үйл явдал. С.Эрдэнэ ч АН-ын даргаар сонгогдсоныхоо дараа Төв шуудангийн замын урд “толгой хорогдож” байсан намаа өөд татаж, Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хаяа дэрлэсэн барилга руугаа нүүлгэн шилжүүлж байлаа. Үүнээс хойш “Шонхор тауэр” “Ардчиллын өргөө” болж нэрээ өөрчилж, зүсээ хувиргасаар саяхныг хүрсэн юм, 2020 оны УИХ-ын сонгуулийг хүртэл. Гэвч АН дахиад л ялагдал хүлээж, цагаан тугаа өргөх нь тэр.
С.Эрдэнэ дарга болсноор энэ намын Үндсэн дүрэм бүхэлдээ өөрчлөгдсөн, бүхэлдээ шинэчлэл хийсэн гэдэг нь худлаа болж таарсан төдийгүй сонгогчдын өгсөн саналаар дүнгээ тавиулсан нь энэ байв. Ингэж л бүх гишүүнээсээ сонгогдсон гэсэн том хана, хэрэм нурж, түүний ард “нуугдаж” явсан С.Эрдэнэд хариуцлага тооцох үндэслэл бүрдсэнээр тэрбээр боловсон байдлаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон журмын нөхөр, шадар туслах Ц.Туваандаа АН-ын даргын тамгыг “өвлүүлсэн” юм.
Гэтэл “Буцах бэрд үнээ тугал нийлэх нь хамаагүй” гэдэг үг үнэн болохыг С.Эрдэнэ дахиад л нотолсон бололтой. Цагтаа үүсгэн байгуулсан “Шонхор” фракцаа байрлуулж, намын удирдлагын бүтцийг гурван жил суурьшуулж, төвхнүүлсэн тэрбээр даргын тамга, тэмдгээ бусдад шилжүүлэхтэй зэрэгцэн төрөлх АН-аа ч гудамжинд гаргажээ. Юу гэхээр Хүүхдийн парктай гурван жилийн турш зэрэгцэн оршсон АН- ын удирдлагын аппарат орох орон, оочих аягагүй болохдоо ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болдын эзэмшлийн “Бодь” тауэрт төвхнөсөн тухай мэдээлэл. УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн хамт АН-аас өрх тусгаарлаж, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ намыг байгуулж байсан цаг Л.Болдод бий. Тэднийг ийм шийдвэрт хүрэхэд, шинээр нам байгуулахад түлхсэн шалтгаан нь намын дарга асан С.Эрдэнэ, Ц.Туваан нарын зангидаж байсан удирдлагын багтай салшгүй холбоотой байсан юм. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр тодрох болсон Ц.Туваан ч “Манай бүлгийн нэр бүхий гишүүд намын шийдвэрийн эсрэг санал өгсөн.Үүнтэй холбоотой Үндсэн дүрмийн хороо хуралдаж тогтоол гаргасны дагуу АН-ын дарга нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцсон. АН сөрөг хүчний нам. Ард түмний сонголт цөөнх буюу есөн суудал өгсөн. Сөрөг хүчин эрх баригч хүчний үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, ард түмэнтэйгээ цуг явдаг. Хэн гэдэг улстөрч байхаас үл хамаарч намын шийдвэр гардаг. АН дотоод журам, дүрэмтэй” хэмээн ерөнхий нарийн бичгийн даргын хувиар байр сууриа илэрхийлж байлаа.Хачирхалтай нь, АН-ын Үндсэн дүрэм, дотоод журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцлага тооцуулж, бүр намаасаа хөөгдөж байсан Ж.Батзандан тэргүүтэй ШИНЭН-ын хаяаг түшиж, Төв зөвлөлийн даргынх нь эзэмшлийн барилгад орогнох хүртлээ АН дорджээ. Нэгүгээр 2020оны УИХ-ын ээлжит сонгуулиар С.Эрдэнэ тэргүүтэй МАНАН-гийн дэглэмийг халах нь Ж.Батзандан, Л.Болд нарын үүсгэн байгуулсан ШИНЭН-ын гол зорилго байв. Хүссэн зорилгодоо хүрээгүй, ард түмэн, сонгогчид тийм боломжийг Л.Болд нар өгөөгүй болохоос тэд одоо ч тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлэх болсон. Тийм атал Ц.Туваанаар удирдуулсан АН Орон нутгийн сонгуулийн өмнөхөн буурь сэлгэж, Л.Болдын “Бодь” тауэрт суудлаа зассан нь хачирхалтай биш гэж үү?. Угтаа өрсөлдөгч бол өрсөлдөгчөөрөө дуусдаг нь улстөрд тогтсон жишиг байлтай. Гэтэл хэдийнэ хариуцлага тооцож, намаасаа хөөж явсан, өдгөө өдөр, шөнө шиг зөрүүтэй болсон ШИНЭН-ын Л.Болд АН-ыг орогнох байртай болтол нь ачирхах болсны цаад шалтгаан юу вэ?Эсвэл АН-ын хувьд Үндсэн дүрэм, үнэт зүйлээ уландаа гишгээд ч хамаагүй МАХН, ШИНЭН-ыг түших замаар удахгүй болох Орон нутгийн сонгуульд ямар ч хамаагүй аргаар эрх мэдэлд хүрэх, цаашлаад эцсийн орогнох цэг нь Монголын төр болчихов уу?! Энэ бүгдийн хариултыг тус намын экс дарга С.Эрдэнэ хамгийн сайн мэдэх учиртай ч эзэмшлийн барилгаасаа төрөлх намаа яагаад “хөөсөн” нь бас нэгэн асуулт дагуулж эхэллээ. Гэхдээ Монголын төр гэдэг өөрийн эзэн, хаягтай. Тэр бүгдийг аль нэг улс төрийн хүчин гэхээсээ олон нийт, сонгогчид сонгуулиар, дөрвөн жилдээ нэг олгодог. Түүнээс биш хүссэн болгоных нь буугаад морддог, үдлээд буцдаг завсрын буудал лав биш ээ!!!
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин