Л.Уранцэцэг: Бүтээмжийг хэмжих, тооцох аргачлал боловсруулж байна

Бүтээмжийн үйл ажиллагааны чиглэлээр энэ онд дэвшүүлсэн зорилтоо хэрхэн биелүүлэн ажиллаж байгаа талаар Хөгжлийн хэлтсийн Инновацын төвийн бүтээмж инновацын мэргэжилтэн Л.Уранцэцэгтэй ярилцлаа.- Та бүхэн энэ онд ямар зорилт дэвшүүлэн хэрхэн ажиллав?     -Инновацын төвөөс цех нэгжүүдийн бүтээмжийн үйл ажиллагааны түвшинг ойртуулах, бүтээмж чанарын дугуйлангийн үйл ажиллагааг тогтворжуулах, чанаржуулах, тодорхой чиглэлүүдээр цехүүдтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Оны эхнээс бүтцийн нэгжүүдийн хамтын гүйцэтгэлийн бүтээмжийн үзүүлэлтийг шинэчлэн хэмжих, тооцох аргачлал боловсруулж, бүтцийн нэгжүүд гүйцэтгэлийн гол үзүүлэлтээ төлөвлөн ажиллаж байна.
- Бүтээмжийг хэмжих, тооцох тухай тодруулан ярина уу? Одоо энэ ажил ямар түвшинд яваа вэ?     - Бүтээмж нь аливаа зорилтот үйл ажиллагааны үр дүн, амжилтыг илэрхийлэх хэмжигдэхүүн бөгөөд үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтын бүхий л талуудыг хамрах ШИНЭ АЖИЛ ихээхэн гүнзгий утга агуулгатай нийгэмэдийн засгийн зорилгод хүрэх баялгийг бүтээх үйл ажиллагааг хамрах цогц ойлголт, түүний хэрэгжилтийн хэмжүүрийн үзүүлэлт.
     Бүтээмжийн хэмжилт, шинжилгээ нь удирдлагын үйл ажиллагаандаа тусгах бүх төрлийн нөөцийн ашиглалтын байдал, бүтээмж дээшлүүлэх чиг хандлагаа тодорхойлох , тасралтгүй сайжруулалтыг хангах үндэслэл болох юм.
    Бид 2004 оноос Баяжуулах үйлдвэрт, 2012 оноос үйлдвэрийн хэмжээнд бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүдийг нэвтрүүлж, үр өгөөжийг нь хүртэж байгаа. Бүтээмж дээшлүүлэх процесс нь эдийн засгийн болон нийгмийн олон талт үр дүнг бий болгож байна. Тэгэхээр энэ үр өгөөжийг тооцох, үйлдвэрийн газрын бүтээмжийг хэмжих механизм, аргачлал дутагдалтай байгаа. Иймд бид үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үр дүнгийн (үйлдвэрлэлийн, эдийн засгийн) үзүүлэлтийг “Бүтээмж” нэгдсэн үзүүлэлтээр илэрхийлэх, бүтээмжийг хэмжих, тооцох хэрэгцээ шаардлагын дагуу Үндэсний Статистикийн хорооны 2017 оны Бүтээмж тооцох аргачлалын загвараар, олон улсын нийтлэг аргачлалд нийцүүлэн бүтээмжийн түвшин, бүтээмж дээшлүүлэх үйл ажиллагааны үр өгөөж, бизнесийн төгөлдөршлийн түвшин тогтоолт гэсэн гурван бүлгээр тооцоолохоор санал дэвшүүлсэн байгаа. Энэ аргачлалыг засварлан боловсронгуй болгох, шаардлагатай өгөгдлүүд, гарц орцын үзүүлэлтүүдийг тодорхойлох, цаашид хэмжих тооцоход манай эдийн засагчдын үүрэг оролцоо маш чухал тул уг саналаа Эдийн засгийн хэлтэст танилцуулаад байна.
-Ажиллагчдын санал санаачилгыг дэмжих, идэвхжүүлэх зорилгоор ямар ажил хийж байна вэ?     -Ажилтны санал санаачилга, дугуйлангуудын үйл ажиллагааг чанаржуулах, бүтээмжийн үйл ажиллагааны тогтвортой өсөлтийг ханган процессыг тасралтгүй сайжруулах чиглэлээр Процесс сайжруулах арга зүйн гарын авлага боловсруулж байна.
     Инновацын төвөөс 19 бүтцийн нэгжийн 1000 гаруй ажлын байраар 5С-ийн үзлэг хийж, Бүтээмж, чанарын дугуйлангийн 161 төслийн хамгаалалттай танилцан, зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.
- Бүтээмж чанарын дугуйлангуудаар гүйцэтгэсэн ажлуудын үр өгөөж ямар байна?     -Энэ оны эхний хагас жилд Бүтээмж чанарын дугуйлангууд 167 төсөл, 268 жижиг сайжруулалтын ажил гүйцэтгэсэн. Тэдгээрээс, ажлын байрны эрсдэлийг бууруулах, аюулгүй орчинг бүрдүүлэхэд чиглэсэн 59, ус, эрчим хүч, материал хэмнэх 28, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, ашиглалтын хугацаа уртасгах 26, сул зогсолтыг бууруулах 6, ажил хөнгөвчлөх, ажлын арга барилыг сайжруулах 51, ажил үйлчилгээний бүтээмж, чанарыг дээшлүүлэх чиглэлээр сайжруулалтын 32 ажил хийсэн байна. Дугуйлангуудын өөрсдийн тооцооллоор эдгээр төслүүдээс 4 орчим тэрбум төгрөгийн эдийн засгийн үр өгөөж бий болгох боломжийг бүрдүүлсэн. Бид томоохон үр дүнг 6-12 сарын дараа баталгаажуулах ажил зохион байгуулна.
- Цехүүдтэй хамтран ямар төсөл хэрэгжүүлж байна вэ?- Энэ онд Үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах чиглэлээр Авто тээврийн цех, Засвар механикийн завод, Спорт цогцолбор Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэс зэрэг бүтцийн нэгжүүдтэй хамтарсан “Ухаалаг архив” төсөл хэрэгжиж байна. Нийгмийн харилцааны хэлтсийн хүсэлтийн дагуу Аж ахуй үйлчилгээний цехэд “Цэвэрлэгээ үйлчилгээний стандарт боловсруулж, нэвтрүүлэх”, “Эрдэнэт” сувиллын цогцолборт “Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх” бэлтгэл ажлыг хангах чиглэлээр төсөл тохиролцоод байна.
Энэ оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн Бүтээмж чанарын дугуйлангийн төслүүдээс Баяжуулах үйлдвэр, Засвар угсралтын цехийн хамтарсан “Хуучин чан ашиглаж тоос дарах төхөөрөмж хийх” Засвар механикийн заводын “ЭКГ-10 экскаваторын хөтлөгч дугуйны цутгах технологийн өөрчлөлт, сайжруулалт”, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Хаягдал тосоор саван үйлдвэрлэх”, Засвар механикийн заводын “Цутгалтын процесст дулаан хадгалах тэжээгүүр хийх” төслийг хөгжүүлэхээр төлөвлөөд байна.
- Ярилцсанд баярлалаа.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ