А.Соджаргал: шинэ программ нэвтрүүлснээр ажлын бүтээмж дээшилсэн
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Зураг төслийн хүрээлэнгийн тэргүүлэх инженер А.Соджаргалаас өдөр тутмынхаа ажилд нэвтрүүлсэн шинэ программын талаар тодрууллаа.
-Танай хүрээлэн жилд хэчнээн зураг төслийн ажил хийдэг вэ?
-Зураг төслийн хүрээлэн жилд зураг төсөл боловсруулах 1000 гаруй даалгавар хүлээн авдаг. Эдгээр нь хоршиж ажиллах Барилгын, дулаан сантехникийн, цахилгааны, технологийн, өргөн тээвэрлэлтийн, төсвийн товчоодод дотоод даалгавар болон салбарлан нэмэгдэж нийт 2300 орчим даалгавар болдог. Энэ даалгавруудыг зургаан товчооны 43 инженер зохион бүтээгч, таван төсөвчин ажиллаж 2000 орчим зураг төсөл, 900 гаруй төсвийн ажил гүйцэтгэж байна.
-Хүрээлэнгийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн шинэ программын талаар ярина уу?
-Зураг төсөл боловсруулах даалгавар хүлээж авахаас эхлэн гүйцэтгэсэн зураг төслүүдийг захиалагчид илгээх хүртэлх бүх үе шатанд бүртгэл тооцоо, архив, тайлан гаргах зэрэг байнгын давтагддаг, гар ажилбаруудад багагүй хугацаа зарцуулдаг байсан. Үүнийг цахим системд шилжүүлэх ажлыг миний бие санаачлан 2018 оноос судалгаа хийж, зураг төсөл, төсвийн бүртгэл, зургийн ажлын гүйцэтгэлийн явц, боловсруулалтын үе шат, архивын мэдээлэл, ажлын тайлан зэргийг нэгтгэн автоматжуулах зорилгоор программын бүтэц, загвар схемийг боловсруулж, өөрсдийн үйл ажиллагаа, онцлогт тохирсон Invent Pro програмыг ХМТАЦийн программ хангамжийн инженер Б.Ууганбаяртай хамтран зохиож энэ оны эхнээс хэрэглээнд нэвтрүүлээд байна.
-Энэхүү программын онцлог ач холбогдол юу вэ?
-Захиалагчаас ирэх даалгавар, мөн хорших товчоодын даалгавруудыг шат шатанд бүртгэж авах, гүйцэтгэсэн зураг төслийг бүртгэх, олон төрлийн тайлан боловсруулах шаардлагагүй болж цаг хугацаа хэмнэж, ажлын цаг алдалтыг бууруулсан. Даалгавар болон хувилах захиалгад 2800- аад хуудас, мөн бүртгэлийн 70 орчим журнал хэвлүүлдэг байсныг зогсоож, цаасгүй технологи хэрэгжүүлсэн. Даалгавруудыг хувилан түгээх ажлыг арилган, бүртгэлийн ажлын шат дамжлагыг хоёр дахин бууруулсан. Хүссэн үедээ, ямар ч хугацааны тайланг гарган авах боломжтой. Зураг төслийн үе шат, мэдээлэл ил тод, хүртээмжтэй болсноор мэдээллийн хурд нэмэгдсэн. Үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, урсгал засварын ажлуудын захиалга хийдэг, Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн захиалгын системтэй холбогдон ажилладаг, цаашид үйлдвэрийн бусад системүүдтэй холбогдон ажиллах нөхцөл бүрдсэн нь үйлдвэрийн газрын цахим системийн бодлогод нийцсэн. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хийгдэж буй бүхий л ажлуудын зураг төслийн мэдээллийн нэгдсэн системтэй болж, статистик тоо баримт, гүйцэтгэлийн түүх, архивын мэдээллийн нэгдсэн сан үүссэн гэх мэт олон давуу талтай. Энэхүү программ хангамжийг нэвтрүүлснээр Зураг төслийн хүрээлэнгийн өнөөгийн хөдөлмөрийн хөлсний тооцоогоор жил бүр 54.2 сая төгрөгийн ажлын цагийн хэмнэлт гарган ажиллана. Цаашид уг программыг сайжруулах саналуудыг хүлээн авч, хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
Фото: Б.Баттөгс