Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн цехүүд өвөл цагийн үйл ажиллагаагаа нээлээ
Нийгмийн хариуцлагын шилдэг загвар хэрэгжүүлэгч Эрдэнэт үйлдвэр ажиллагчдынхаа нийгмийн хамгааллын бодлогод жил бүр нийт зардлынхаа 7 орчим хувийг зориулдаг. Энэхүү бодлого, хөтөлбөрөө нийгмийн чиглэлийн 10 цех нэгжээр дамжуулан хэрэгжүүлж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяанд Соёл, урлагийн цогцолбор, Спорт цогцолбор, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, орос 19 дүгээр сургууль, орос 12 дугаар цэцэрлэг, Орос эмнэлэг, Оёдлын цех, Аж ахуй, үйлчилгээний цех, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор зэрэг 10 гаруй цех ажиллаж, уурхайчдын болон Эрдэнэтчүүдийн сурч хөгжих боломж, эрүүл байх баталгаа, амьдрах таатай нөхцөл, нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээг хүргэдэг. Энэ жил эдгээр нийгмийн цехүүд дэлхий нийт “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал, хорио цээрийн дэглэмээс шалтгаалан хязгаарлагдмал нөхцөл байдалд ажиллаж байгаа хэдий ч өөр өөрсдийн үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлж, тасралтгүй зохион байгуулсаар иржээ. Өнөөдөр энэхүү цаг үед хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, Эрдэнэт хотын төв талбайд өвөл цагийн үйл ажиллагааны нээлтээ хийв. Нээлтийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр болон нийгмийн цехүүдийн удирдлага, ажилтнуудын төлөөлөл оролцов. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, өвөл цагийн үйл ажиллагааг нээж хэлэхдээ “Бид нийгмийн цехүүдийнхээ үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийг хичээж байна. Хэдийгээр улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм үргэлжилж буй ч уурхайчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч, ийм шийдвэр гаргалаа. Гэхдээ бид хариуцлага, ариутгал халдваргүйтгэлийн өндөр түвшинд сахин ажиллана” гэж онцлохын зэрэгцээ уурхайчдын бүтээж буй баялаг бүрд нийгмийн цехийнхний оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй ихийг үнэлж тодотгосон. Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан Д.Дэлгэрбаяр энэ үеэр үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-аас дээш хувиар биелж, уурхайчид амжилттай ажиллаж хөдөлмөрлөхөд нийгмийн цехүүд цаг ямагт ард нь сэтгэл гарган ажиллаж байдаг. Өөрөөр хэлбэл, уурхайчдын арын албыг нийгмийн цехийн ажилтнууд авч явдаг. Энэ үйлсээ амжилттай үргэлжлүүлж, уурхайчид төдийгүй Эрдэнэтчүүддээ урлаг соёл, боловсрол эрүүл мэнд болон нийгмийн бүхий л үйлчилгээг чанартай хүргэхийг зорьж байна. Өвөл цагийн үйл ажиллагааны хүрээнд энэхүү зорилт төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо. Өвөл цагийн нээлтийн үйл ажиллагаанд нийгмийн цехүүд өөр өөрсдийн үйл ажиллагааны онцлог, “Ковид-19” хорио цээрийн үед хэрхэн ажилласнаа сурталчилж, цаашдын зорилт төлөвлөгөөгөө танилцуулав. Мөн энэ үеэр Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилууллаа.