Б.БААБАР: Энхбаярын намын төлөө саналаа өгтлөө дор ороогүй байна
Ардчилсан нам жамаараа нас барлаа… одоо хэнд "мандтугай” гэсэн ерөөл талбих вэ?! хэмээн бичиж байсан Зууны манлай нийтлэлч Б.Баабар ууртай байна. Ардчилсан хувьсгалыг манлайлагчдын нэг, яалт ч үгүй АН-ын үндэс суурийг тавьсан энэ эрхэм АН, МАХН-тай эвсэн сонгуульд орж байгаад гишүүдээ талцуулан хувааж, гишүүд нь хэнд ч саналаа өгөхөө мэдэхгүй төөрч яваад бухимдаж байгаа бололтой. Тэрээр твитертээ "Тэгээд Энкуарын намын төлөө санал өгөх болж байна уу? Болий чи минь, арай ч тэгтлээ дор ороогүй байна” хэмээн жиргэжээ. 1990-ээд оноос хойших 30 жилийн улс төрийн амьдралыг гарын таван хуруу шигээ мэддэг Б.Баабар С.Эрдэнийг намын дарга болох үед "С.Эрдэнэ намын дарга болсноор АН мөхөж сөнөнө гэдгийг таамаглахад Ванга шиг их зөнч байх ямар ч хэрэггүй. С.Эрдэнэ хэзээ ч бодлого ярьж, үзэл баримтлал боловсруулж байгаагүй, тийм чадварыг түүнд байгаль эх заяагаагүй. Тэр дарангуйлагч, худалдан авагч болохоос удирдагч менежер огтхон ч биш. С.Эрдэнэ орос бүдүүлэг хараалыг дураар сүнгэнүүлж, шүлсээ үсэргэн хэрэлдэх, гараа салаавчлан дайрахдаа гарамгай ч улс төрийн бодлого бодож хэзээ ч чадах хүн биш. Ийм л бүдүүлэг, түнэр харанхуй хүч АН-ыг нөмрөн авлаа. АН ёроолдоо орлоо” хэмээн бичиж байсан түүний үг биеллээ олов бололтой.