Багш нарт орон сууцны батламж гардууллаа
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах хөтөлбөрт хамрагдах багш нарт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон сууцны батламж гардуулж, баяр хүргэлээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал (КОВИД-19)-ын үед боловсролын салбарын үйл ажиллагаа, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, теле хичээл заах, зохион байгуулахад өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан үр дүнтэй ажилласан 10 багш Монголын багш нарын 54 дэх өдрөөр ийнхүү орон сууцтай болж байна.
Өнгөрсөн хугацаанд 423 багш, 140 гаруй арга зүйч, судлаач, телевизийн 180 орчим уран бүтээлч хамтран 7000 гаруй цагийн Теле хичээлийн контентыг бэлтгэж, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг теле хичээлд бүрэн шилжүүлсэн байна.
Боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн онцгой нөхцөлд хичээл сургалтын үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэх, үндэсний хэмжээний нэгдсэн платформ хөгжүүлэх, сургуулийн удирдлагын системийг нэвтрүүлэх зэрэг олон ажлыг нийт багш нарынхаа дэмжлэгтэй боловсролын салбарт үе шаттай хэрэгжүүлж байна.