Ерөнхий сайдын чиглэлийн дагуу хууль бус “ВЬЕТНАМЧУУДЫГ” албадан гаргалаа.
ВЬЕТНАМ ИРГЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ВИЗЭЭР ЗАСВАРЫН ГАЗАР АЖИЛЛУУЛЖ БАЙЖЭЭ
Тус газраас хийсэн шалгалтаар 306 Вьетнам иргэд ажиллаж, амьдарч байгаагаас 206 нь хөдөлмөр эрхэлдэг аж. Харин эдгээр иргэдээс 45 нь зориулалтын бус буюу хөрөнгө оруулагчийн визээр засварын газар ажиллуулж байгаад баригджээ. Монгол Улсад хөрөнгө оруулагч оршин суухад тодорхой нөхцөлтэй. Тодруулбал, хуулийн дагуу хөрөнгө оруулагч нь тухайн компанийн 25 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг байх, хамгийн багадаа 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байх үндсэн шаардлагатай. Гэвч эдгээр Вьетнам улсын 45 иргэн хөрөнгө оруулагч визтэй боловч бодит байдал дээр хөрөнгө оруулаагүй, өөрийн хөрөнгө оруулсан компанийхаа нэрийг ч мэдэхгүй засварын газар ажиллуулж байжээ.
Хөдөлмөр эрхлэх визтэй иргэд сар бүр Монгол Улсад 840 мянган төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад татварыг улсад төлөх хуультай. Гэвч Вьетнам улсын эдгээр 45 иргэн татвар төлөөгүйгээс улсад нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учруулжээ. Тиймээс ГИХГ-аас эдгээр иргэдийг төлөх ёстой татварыг төлүүлж, хууль ёсны хөдөлмөрийн визээр ажиллаж, амьдрах эсвэл албадан гаргах хуулийн дагуу арга хэмжээгээ авч байгаа гэнэ. Түүнээс гадна ГИХГ-аас Монголд ажиллаж, амьдарч байгаа төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаа тогтмол хийж байгаа бөгөөд шалгалтын хүрээнд хуулийн зөрчил гаргасан иргэдийг албадан гаргаж байгаа аж. Тухайлбал, 2020 оны эхний найман сарын байдлаар 127 иргэнийг албадан гаргасан бол 48 хүнийг албадаг гаргахаар бэлтгэлээ хангаж байгаа гэнэ. Монгол Улсад амьдарч байгаа гадаадын иргэд визний хугацаа хэтэрсэн, визний ангиллыг өөрчилж хөдөлмөр эрхлэх зэрэг хууль бус үйлдлийг их гаргадаг байна.
Шалгалтаар ямар нэгэн бичиг баримтгүй 2004 оноос хойш бичиг баримтгүй, хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Хятадын хоёр иргэнийг, 1996 оноос хойш хууль бусаар, бичиг баримтгүй амьдарч байсан Югаслав /хуучин/ улсын нэг иргэнийг олж, хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа аж.
ГИХГ-ЫН НЭГ МЭРГЭЖИЛТНИЙГ АЖЛААС ЧӨЛӨӨЛЖЭЭ
Мөн хамгийн сүүлд хийсэн шалгалтын үеэр БНХАУ-ын иргэн 3,5 сая төгрөгийн хахуулийг ГИХГ-ын мэргэжилтэнд санал болгож, оршин суух визээ “аргалуулах”-ыг оролджээ. Тухайн иргэн өмнө нь өөрийн улсын иргэнийг залилж, ял шийтгэл эзэлж байсан, Монголд оршин суухын тулд бусдад авлига өгөхийг завдаж баригдсан байна.
Мөн Монголд оршин суугаа гадаадын иргэд өмнө нь ГИХГ ажиллаж байсан хүмүүстэй холбоо тогтоож, хуулийн бус арга ашиглах, холбоо тогтоохыг оролдох зэрэг зөрчлүүд их гаргадаг аж. ГИХГ-аас дотооддоо хяналт, шалгалт хийж, нэг мэргэжилтэн гадаадын иргэнд Монголд оршин суух хууль бус зөвлөгөө өгч, бусдаас хахуул авахаар төлөвлөсөн байсныг илрүүлж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
ГИХГ-ЫН ДАРГА Н.УУГАНБАЯР:
ГИХГ-аас зориулалтын бус буюу аяллын визээр орж ирээд хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулагчийн визээр орж ирээд хөдөлмөр эрхлэх зэрэг зөрчлүүд гаргахаас урьдчилан сэргийлж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг тогтмол хийж, виз олгох асуудлыг цэгцлэх, дотооддоо хяналт, шалгалтаа сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Гадаадын иргэдийг Монгол Улсад нэвтрүүлэхдээ хуульд заасан бүх л нөхцөлийг хангасан тохиолдолд оруулж ирдэг. Олон нийтийн сүлжээгээр явж байгаа шиг нэг удаад бөөнөөр нь оруулах боломж байхгүй. Ялангуяа коронавирусийн цар тахлын улмаас зөвхөн Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадын иргэдэд ажиллаж, амьдрах зөвшөөрөл олгож байгаа. Түүнээс хүмүүсийн ярьж байгаа шиг бөөнөөр хилээр оруулж байна гэх мэдээлэл ташаа мэдээлэл. ГИХГ хуульд заасан үндэслэлээ барьж ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд хяналтаа тавиад, шалгалтаа хийгээд явж байгаа гэдгийг онцолсон юм.
Монгол Улсад гадаадын 13715 иргэн ажиллаж, амьдарч байна. Үүнээс,
ОХУ-ын 980
БНСУ-ын 1000
Казахстан улсын 77
АНУ-ын 1609
БНХАУ-ын 5000 орчим
Бусад улсын иргэд.
Энэ жил коронавирусийн цар тахалтай холбоотойгоор гадаадын иргэд Монгол Улсад ажиллаж, амьдрах тоо 40 орчим хувиар буурчээ. Монгол Улсын Гадаадын иргэн харьяатын тухай хуулиар улсын хүн амын 3 хувьтай тэмцэх, нэг улсын иргэд улсын хүн амын 1 хувьтай тэнцэх тооны гадаадын иргэд ажиллаж, амьдрах зохицуулалттай. Өнгөрсөн хугацаанд энэ тоонд хүрч байсан тохиолдол байхгүй гэдгийг ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр онцоллоо.
“ГИХГ-ААС ХУУЛЬД НИЙЦСЭН ТАВИХ ШААРДЛАГАА ГАДААДЫН ИРГЭДЭД ТАВЬЖ, ТОГТМОЛ ХЯНАЖ БАЙГАА”
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Хөрөнгө оруулагчийн визээр хөдөлмөр эрхэлж байсан эдгээр хүмүүст төрийн байгууллагаас л зөвшөөрөл олгосон. Хэдий энэ хүмүүс хууль бус үйл ажиллагаа явуулсан ч нөгөө талдаа зөвшөөрөл олгосон төрийн байгууллага, ажилтанд ч гэдэг юм уу хариуцлагын асуудал яригдах уу?
-Хуулийн дагуу хууль бус гаргалгаа гаргасан байгаа юм. Хөрөнгө оруулагчид тавигдах тодорхой шаардлагууд бий. Тэд 100 мянган ам.долларын гүйлгээ хийсэн, хуурамч компани байгуулж хувь эзэмшсэн гэсэн бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж, Улсын бүртгэлийн газарт хүргүүлдэг, түүнийг үндэслэж Үндэсний хөрөнгө оруулалтын газраас дүгнэлтээ манайд ирүүлсний дагуу виз олгодог. Гэхдээ манай дээр хөрөнгө оруулагч мөн эсэхийг ярилцлага хийх, мэдээлэл солилцох байдлаар хянадаг. Энэ хяналтыг бид цаашид илүү их сайжруулах шаардлагатай байгаа. Гадаадын иргэд ч мэдүүлсэн визнийхээ журмын дагуу ажиллах, зорчих ёстой. Цаашид ийм асуудал гаргахгүй.
-Хил хаалттай үед албадан гаргах ажиллагааг яах вэ?
-Тэр хүмүүсийн бичиг баримтыг нь бид хурааж авсан. Дуудсан цагт ирэх гээд байнгын холбоотой ажиллаж байгаа. Албадан гаргах хүртэл бид хяналтаа тавиад явна.
-Урт хугацаанд бичиг баримтгүй, хууль бусаар амьдарч байсан гурван хүний хувьд өнгөрсөн хугацаанд яаж амьдарч байсан бэ?
-Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтын явцад зугатах, бие биенээсээ мэдээлэл аваад нуугдах зэрэг үйлдэл их гаргадаг. Мэдээлэл маш их хурдан тархдаг байдал нь нөлөөлсөн байх.
-ГИХГ-ын хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байх үед зарим гишүүдийн зүгээс 100 айл орчим Чайна таун боллоо, энд хууль үйлчлэхгүй байна гэдэг шүүмжлэлийг хэлж байсан. Энэ мэдээлэл хэр бодитой вэ?
-Шалгалт байнга хийгдэж байгаа ч цаашид эрчимтэй тогтмол явуулна. Яг 100 хувь хятад хороолол болсон зүйл байхгүй. Газар дээр нь очоод шалгалт хийхэд холбогдох зөвшөөрөлтэй, цагаачлан амьдарч байгаа Монголд төрж өссөн хүмүүс байдаг. Тэд хэлний мэдлэг зэргээс шалтгаалж өөрсдийн улсын иргэдтэй хамтран ажиллах, аж ахуй нэгж үүсгэх зэрэг нь гаднаас харахаар нэг улсын олон иргэд байгаад байгаа юм шиг харагддаг. Бидний хувьд гадаадын иргэдэд зөвхөн монгол хүнтэй хамтар гэсэн шаардлага тавихгүй эрх зүйн зохицуулалттай. Визний зөрчилтэй эсэх, хуулийн дагуу ажиллаж, амьдарч байгаа эсэх, явуулж байгаа үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд эсэхэд байнгын хяналтаа тавиад явж байгаа.