Баян хоосны ялгаа
-Диваажин буюу Зайсангийнхан-
“Улаанбаатарчуудын амьдрал өдөр, шөнө шиг ялгаатай, үхэл нь хүртэл өөр өөр юм” гэж гадаадын нэгэн иргэн халаглаж байсныг өөрийн эрхгүй саналаа. Хүмүүнлэгийн ажлаар ирсэн тэрбээр “Хоёр өөр улсад ирсэн юм шиг санагдлаа. Дэлхийн бусад улс оронд ч гэсэн баян хоосны ялгаа байдаг. Гэхдээ Монголд дэндүү өөр юм. Бусад улсад баячууд нь цөөн байдаг бол Монголд эсрэгрээ, алхам тутамдаа хүний эрх зөрчигдөж, өөрийн улсын Үндсэн хууль нь уланд нь гишгэгдчихээд байхад парламентын гишүүд нь дээгүүр хараад л явж байх юм. Арга ч үгүй биз Парламентдаа дандаа бизнесмэн болон идэх уух сонирхолтой нөхдийг сонгочихсон юм байна гэж би ойлгож байгаа” гээд урт гэгч нь санаа алдчихаад нутаг буцахаар мөнгөн хөлөгт сууж билээ...
Түүний ийн өгүүлснийг өнөөгийн Зайсан, ба G хорооллынхны амьдрал нотлож буй юм.
Зайсан гэсэн энэ нэр одоо баячуудын хороолол гэсэн агуулгыг илтгэж, тэнд зөвхөн баячууд л амьдардаг гэсэн ойлголт ч аль хэдийнээ бий болж. Монголын баячууд тэнд шавааралдаж амжиж. Тэнд хөрөнгөтэй эрхмүүдийн хэдэн зуун саяар тоологдох үл хөдлөх хөрөнгүүд Тувад алдсан Тагнын нуруу мэт дүнсийх аж. Эдгээр үнэтэй орд харшийг дагаад борчуудын хороололд байдаггүй бүх л зүйл тэнд цогцоороо байна.
Монголд байхгүй хамгийн үнэтэй, “American school” хувийн сургууль тэнд бий. Тус сургуулийн сурагчид хамгийн үнэтэй машинаар хүргүүлж авахуулдаг. Зайсангийн баячуудын үйлчлүүлдэг дэлгүүрийн хүнсний бүтээгдэхүүний чанар чансаа нь дээд зэрэглэлийнх байхгүй бол толгойгүй болно гэсэн үг. Мөн тансаг зэрэглэлийн орд харшийг дагаад ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн гээд хөгжил цэцэглэлт өндөртэй барууны оронд ирчихэв үү гэж андуурмаар. Энэ мэтээр тоочоод байвал маш олон зүйлээрээ борчуудаас илт ялгарч ёстой л “тасраад явчихаж”. Энэ нь нэг талаараа хөгжил цэцэглэлтийг харуулаад сайхан ч нөгөө талаараа ард түмнийээ шулж байж ингэж туйлж байгаа улс даа гэж бодохоос халагламаар.
С.Цээл
Эх сурвалж: erennews.mn