Эрдэнэт үйлдвэр өнөөдрийн байдлаар улс, орон нутгийн төсөвт 765,6 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна
Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Эрдэнэт үйлдвэр штабын зохион байгуулалтаар шат дараатай ажлууд төлөвлөн хэрэгжүүлж, эсдлээс хамгаалах зорилгоор уурхайчдаа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулан, ариутгал халдваргүйтгэлийг өндөр хэмжээнд зохион байгуулж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтийн биелэлттэй холбогдуулан санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарч байгаа талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа мэдээллээ. Баялаг бүтээгчид 2020 оны эхний 10 сарын байдлаар улс, орон нутгийн төсөвт төлөх ёстой төлбөрийн дүнг 13 хувиар давуулан биелүүлж, өнөөдрийн байдлаар 765,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа юм.
Эрдэнэт үйлдвэр 2020 онд зэсийн үнийг 5991 ам.доллараар төлөвлөсөн хэдий ч энэ оны 1-р улиралд 4600 ам.доллар болтлоо буурсан тул төлөвлөгөөний биелэлтийг хангахын тулд нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Уул уурхайн салбарт тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон улс орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажилласнаар оны эцэс гэхэд шинэ дээд амжилтын эзэд болох боломжтой юм.
Үүсээд буй цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А/661 тоот тушаалаар үйлдвэрийн газрын 0-12 насны хүүхэдтэй ээж болон өрх толгойлсон аав, 4-өөс дээш сартай жирэмсэн ээж болох 232 ажилтан, цахимаар ажиллах боломжтой 152 хүнд 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цалинтай чөлөө олгосон. Оны төгсгөлд холбогдох дүрэм, журмын хүрээнд ажил үүргээ дүгнэж, олгогдох ёстой цалин хөлс, урамшууллыг хэвийн жигд олгоно гэдгийг удирдлагууд хэлж байна.
Улс орон даяар хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан бараа материалын худалдан авалтын тендер зохион байгуулдаг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем түр хаагдсан. Гэвч Эрдэнэт үйлдвэр технологид шаардлагатай бараа маериал, сэлбэг хэрэгслийн нөөцийг хангалттай бүрдүүлэн, өнөөдрийн байдлаар 1-3 сарын нөөцтэй ажиллаж байна.
Энэ цагийн эгэл баатрууд болох уурхайчдын хөдөлмөр зүтгэлийн үр шимээр Эрдэнэт үйлдвэр төсвийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсээр байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн байгаа юм?
Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд бүгд бүрэн биелэж байгаатай холбоотойгоор санхүү, эдийн засгийн үйл ажиллагааны үр дүн сайн байна. Оны эхний 10 сарын байдлаар бид улс, орон нутгийн төсөвт төлөх ёстой төлбөрийн дүнг 13 хувиар давуулж биелүүлсэн. 725,6 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн. Яг өнөөдрийн байдлаар бид улс, орон нутгийн төсөвт 765,6 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Эрдэнэт үйлдвэр төсвийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж байна, ямар нэг байдлаар тасалдах эрсдэл байхгүй гэж ойлгож болно.
Цалинтай чөлөө олгохоор нэмэгдэл цалин, урамшуулал хасагддаг. Энэ талаар мэдээлэл өгвөл?Эрдэнэт үйлдвэрт мөрдөгдөж байгаа цалин хөлсний журмын дагуу хязгаарлалт хийсэн зүйл байхгүй, энэ оны 6 сарын 01-нээс цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн. Оны төгсгөлд холбогдох дүрэм, журмын хүрээнд ажил үүргээ дүгнээд олгогдох ёстой цалин хөлс, урамшууллын системүүд хэвийн жигд явагдана. Цахимаар ажиллаж байгаа ажилчид ажлын цагтаа ямар цалин хөлс авдаг уу, тэр хөлс мөнгийг авна, тушаалын дагуу тэтгэмжтэй чөлөө авсан хүмүүсийн тухайд, үндсэн цалингийн хэмжээгээр тэтгэмжээ аваад явж байгаа.
Зэсийн үнэ 7028 ам.доллар байна. Өсөх үү буурах уу?
Бид 2020 оны төлөвлөгөөнд зэсийн үнийг 5991 ам.доллараар төлөвлөсөн. Коронавирусын тархалт дэлхий нийтийг хамарч байх эхэн үед зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр их хэмжээгээр унасан. 2020 оны 01 дүгээр улиралд 4600 ам.доллар болтлоо буурсан тохиолдол гарсан. Эхний хагас жилд бидний төлөвлөсөн үнээс 501 ам.доллараар бага байсан. 10 сарын байдлаар авч үзэхэд 70 гаруй ам.доллараар бага байгаа. Олон улсын судалгааны байгууллагуудын гаргаж байгаа судалгаан дээр үндэслэн жилийн эцэст ямар үр дүнтэй орох вэ гэсэн тооцооллуудыг хийж байна. Судалгааны үр дүнгээс харахад оны эцэст төлөвлөсөн үнэ дунджаар 13 орчим ам.доллараар бага орох таамаглал байна. Хэдийгээр төлөвлөсөн үнэ бага байгаа ч бид оны эхнээс штабын зохион байгуулалтаар үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлж, өртөг зардлыг бууруулж ажилласны үр дүнд оруулалтын орлогоо нэмэгдүүлж чадсан. Тэгэхээр бид төлөвлөсөн хэмжээний ашиг орлогоо хийх боломжтой гэж үзэж байна.
Бараа, материалын худалдан авалт, хангалт ямар байгаа вэ?
Үүсээд байгаа хүндрэлтэй нөхцлөл байдалтай холбоотойгоор хатуу хөл хориноны дэглэм тогтоосонтой холбогдуулан бараа материалын худалдан авалтын тендер зохион байгуулдаг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем түр хаагдсан байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд бараа, материалын хангалт бүрэн дүүрэн байна. Ямар нэг дутагдаж байгаа технологийн материал, сэлбэг хэрэгсэл алга, нөөцийг бүрэн бүрдүүлээд ажиллаж байна.