Х.Бадамсүрэн: Хямралын үед ажилчдынхаа цалинг бууруулахгүй, ажлын байрыг хадгалж, санал санаачилга гаргасан хүмүүсээ урамшуулж ажиллана...
Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй...2019 онд Эрдэнэт үйлдвэр 37 сая тн хүдэр олборлож, 32 сая тн хүдэр боловсруулан 2.2 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж, Улс, орон нутгийн төсөвт 960 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь түүхэн дээд амжилт болсон юм. Түүнчлэн гадаад дотоодын банк санхүүгийн байгууллагад ямар ч өр төлбөргүй болсон нь дэлхий нийтээрээ өртсөн эдийн засгийн хямралын үеийг даван туулахад хөнгөн тусч байна гэж цаг үеийн асуудлаар өгсөн мэдээлэлдээ Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал онцоллоо.
Сүүлийн гурван жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа цалинг 45 хувиар нэмснээр өнөөдөр дундаж цалин 2.9 сая төгрөгт хүрээд байна. “Уурхайчид бид энэ цаг үед үйлдвэрлэл эдийн засгийн хувьд хүрсэн түвшингээ бууруулахгүй ажиллах нь чухал. Хамтын оюун ухаанаар, эв нэгдлийг эрхэмлэж, ажилчин бүр хариуцлагатай байснаар хамт олноо, Эрдэнэт үйлдвэрээ хамгаалж чадна. Дэлхий нийтээрээ хямарч эхэлсэн энэ цаг үед ажилчдынхаа цалин хөлсийг бууруулахгүйгээр, ажлын байрыг хадгалах зарчим баримтлан ажиллана.
Коронавирусийн тархалтын хор уршгаар Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнэ унаж байна. Эрдэнэт үйлдвэрийн хувьд төлөвөлөсөн хэмжээнээс тонн тутамд зэсийн үнэ 1300 ам доллараар буурч байна. Иймээс эдийн засгийн энэ хямралтай үед хямралыг амжилттай даван туулах тухай үйлдвэрийн удирдлагын баг ярилцаж, Төв штаб байгуулан, Ерөнхий захирлын чиглэл хариуцсан захирлуудаар ахлуулсан дөрвөн штаб төлөвлөгөө гарган ажилдаа ороод байна” гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ.
Тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн хувьд шуурхай, үр бүтээлтэй ажиллах шаардлагатай учир ийнхүү чиглэл тус бүрээр штаб байгуулан хямралын эсрэг шат дараатай үйл ажиллагаа явуулах хөтөлбөр боловсруулжээ. Уурхайчдаа эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, уурхайчнаар овоглосон өрх гэр бүлийн амь амьжиргааг хамгаалах, цаашлаад Эрдэнэт хотын хүн ам, Монгол Улсынхаа төлөө жинтэй хувь нэмэр оруулахаар хөтөлбөртөө тусган төлөвлөгөөний дагуу ажиллах юм байна. Энэ хөтөлбөр эдийн засгийн хямрал тогтвортой болох буюу Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 6000 ам доллар тонн хүрэх хүртэлх хугацаанд хэрэгжих юм байна