Оюуны өмчийн тухай хууль өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ
Оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулах “Оюуны өмчийн тухай хууль” өнөөдрөөс буюу эхлэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ.
Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулж ирсэн. Гэвч эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтууд байсан нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлсөөр байсан. Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн боловсруулан батлуулсан.
Сонирхуулахад Оюуны өмчийн газарт шинэ бүтээл жилд 170-180 орчим бүртгэгддэг байна. Ноднин ашигтай загвар 250-300 орчим, барааны тэмдэг 3900 бүртгэгджээ. Мөн дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2017 оны тайланд дэлхийн хэмжээнд нийт 64.6 сая оюуны өмч бүртгэлтэй байгаа аж. Сүүлийн жилүүдэд оюуны өмчөө бүртгүүлэх хүсэлт, өргөдлийн тоо тасралтгүй өссөөр байгаа бөгөөд шинэлэг санаа, дэвшилтэт техник, технологи хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилсөөр байгаа юм. Ийнхүү “Оюуны өмчийн тухай хууль” хэрэгжиж эхэлснээр оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон нийтлэг харилцаа зохицуулагдахаар боллоо.
“Оюуны өмчийн тухай хууль”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус линкээр зочилж аваарай. https://www.legalinfo.mn/law/details/15356?lawid=15356