Т.Ням-Очир: Боловсролын салбарын хөрөнгө оруулалт буурвал сургууль, цэцэрлэгүүдийн ачаалал нэмэгдэж, сургалтын чанарт нөлөөлнө

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очиртой “Ковид-19”-ын хөл хорионы үеийн сургалтын нөхцөл байдал, чанарын асуудлаар ярилцлаа. 
-Гамшгийн энэ үед хүүхдүүдийн хичээл теле, цахим хэлбэрээр ороод удлаа. Теле хичээлийн давуу байдал байдаг ч сул тал нь илүү их байх шиг байна?
-Коронавируст халдварын хорио, дэглэм бүхий л салбарыг шинэ нөхцөл байдал, шинэ зохион байгуулалтад оруулж байна. Урьд өмнө ийм удаан хугацаагаар танхимын хичээл, сургалтын үйл ажиллагаа тасалдаж байсан удаагүй. Монгол Улсын Засгийн газар богино хугацаанд, хамгийн хүртээмжтэй байх хувилбарыг сонгож, сургалтын бусад хувилбарыг ашиглан хичээл, сургалтаа зохион байгуулсан. Мэргэжлийн олон байгууллага хамтран энэ бүх ажлыг хэрэгжүүлж байна. 
Давагдашгүй энэ нөхцөл байдлыг бид хараад зүгээр суугаагүй. Цаашид онцгой байдал, гамшиг ослын бүхий л цаг үед боловсролын үйлчилгээ тасралтгүй байх боломжит бүх нөхцөл, арга зүй, бодлого эрх зүйг бий болгоход анхаарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл суралцах идэвх сонирхолтой, эрүүл чийрэг сурагч, сурган хүмүүжүүлэх идэвхтэй арга зүй ашигладаг ур чадвартай багш, холбоо хамаарал бүхий сургалтын хөтөлбөр, агуулга, сайн засаглал, тэгш боломжийг бүрдүүлэхүйц нөөцийн хуваарилалтыг оновчтой зохион байгуулах шаардлага, сорилт бий болсон.
Теле болон цахим хэлбэрээр хичээл сургалт үргэлжилснээр багш нарт танхимын сургалтаас илүү ачаалал ирдэг, цаг зав шаарддаг, дата, интернэт гээд сургалтын зардал нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Гэхдээ үндсэн үүргээ багш нар маань ухамсарлан шинэ нөхцөл байдал, шинэ зохин байгуулалтад зохицож, хувийн ур чадвараа сайжруулан хамтран ажилласаар байна. Мэдээж энэ тасралтгүй үйл ажиллагаа байсаар байх болно.
-Теле хичээл сурагчдад хоцрогдол үүсгэж байгааг иргэд ярих боллоо?
-Теле болон цахим хичээлийг танхимын сургалтын хэмжээнд хүргэх хангалттай туршлага, боломж дэлхий дахинд ч учир дутагдалтай байна. Хоцрогдол үүсэх, сургалтын чанар буурах зэрэг асуудалд салбарын яам судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимын бус хэлбэрээр цааш үргэлжлүүлэх нь нэн ялангуяа малчин, эмзэг бүлгийн өрхийн хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд теле хичээлд бүрэн хамрагдахгүй байх эрсдэл их байна. Сургалтын цахим платформ хөгжөөгүй, бүхий л түвшинд мэдээллийн технологийн ур чадвар сул байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна.
Техник, технологийн хөгжлийн түвшин, дэд бүтцийн хүртээмжээс гадна нийгмийн ойлголт, хандлага, сэтгэл зүй асар эмзэг байна. Богино хугацаанд теле хичээлийг бэлтгэн дамжуулж байгаа нь эцэг эх, олон нийтийн зүгээс шүүмж дагуулж байна. Дунд, ахлах ангийн сурагчдад сурлагаар хоцрох айдас, сэтгэл зүйн ээнэгшлийн айдас, түгшүүр илрэх магадлал нэмэгдэж байна. Сурагчдын дунд сурлагын хоцрогдол үүсэж тэгш бус байдал бий болох, улмаар сургууль завсардалт үүсэж ч болзошгүй. Энэ бүхнийг бид тооцоолж, эрсдлийг аль болох бууруулахыг зорьж байна. Цаашид томоохон хот, суурин газарт танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулах, зайнаас, нэн ялангуяа удаан хугацаагаар теле болон цахим хэлбэрээр зохион байгуулсан тохиолдолд сургалтад шаардлагатай тоног төхөөрөмж, дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэх хэрэгцээ байна.
-Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байдаг ч барилга байгууламжийн хүрэлцээ нь хангалттай биш. Гэтэл гамшгийн энэ үед төсвийн хөрөнгөөр барьж байгаа барилгыг багасга гэсэн санал, шүүмжлэл гаргаж байна. Хэрвээ шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн барилгуудыг 2021 оны төсвөөс хасчихвал ямар эрсдэл үүсэх вэ?
- Жил бүр ерөнхий боловсролын сургуульд суралцах хүүхдийн тоо өсөж байна. Энэ жил 680.8 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа нь өмнөх оноос 40 гаруй мянган хүүхдээр өссөн үзүүлэлт. Ирэх хичээлийн жилд энэ тоо 700 мянгын босгыг давна. Өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагаа хангахуйц хэмжээгээр суудлын тоогоо нэмэгдүүлж чадахгүй байгаа энэ цаг үед төлөвлөсөн жаахан хөрөнгө оруулалтаа бууруулахгүй байх нь боловсролын салбарт нэн тэргүүний асуудал болж байна.
Нэг сая гаруй суралцагчтай манай салбарын хувьд одоо байгаа хөрөнгө оруулалт, төсөв нь хангалттай биш. Хэрвээ боловсролын салбарын хөрөнгө оруулалтын зардал багасвал олон сургууль 3 ээлжид шилжиж хүүхдийн аюулгүй байдал, эрсдэл нэмэгдэхийн зэрэгцээ нэг ангид байх хүүхдийн тоо, нягтрал улам ихсэж, чанарт сөргөөр нөлөөлөх болно.  
Мэдлэгт оруулсан хөрөнгө оруулалт 15 дахин өсдөг гэсэн яриа байдаг. Өнөөдөр боловсролд оруулж буй нэг ч гэсэн төгрөгийн хөрөнгө оруулалт Монголын ирээдүйд маш чухал гэдгийг хүн бүхэн ойлгодог, ярьдаг. Тийм учраас боловсролын салбарын төсөв буурахгүй байх нь чухал. Ялангуяа багшийн цалин хөлс, хичээл практикийн зардлуудыг нэмэгдүүлэхэд анхаарч өгөхийг хүсэж байна.




скачать dle 12.0

Холбоотой мэдээ