Б.Баярсайхан: Үндэсний брэнд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах цахим хөдөлгөөн эхэлж байна
Уул уурхайн бус 915 орчим сая долларын өртөг бүхий 30 гаруй төслүүдийг хөрөнгө оруулагчдад санал болгож, цахим платформоор сурталчилна
Дэлхийн улс орнуудад хөрөнгө оруулалт, худалдааны урсгал зогсонги байдалд орсон өнөө үед Монгол Улсын Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс "Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэнг 100 хувь цахимаар зохион байгуулах гэж байна. Энэ үеэр үндэсний үйлдвэрлэгчдийн уул уурхайн бус салбарын төслүүдийг гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг гадаад зах зээлд нэвтрэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр үйл ажиллагаанууд болох юм. Үүнтэй холбогдуулаад тус арга хэмжээг зохион байгуулагчдын төлөөлөл Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхантай ярилцлаа.
- "Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэнгийн гол ач холбогдолыг та юу гэж харж байна вэ?
- Энэ жил 6 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Экспорт Монгол 2020” арга хэмжээнд талууд өндөр ач холбогдол өгч, нэг зорилготойгоор, шинэ арга барилаар зохион байгуулж байгаагаараа онцлог байна. Өмнөх арга хэмжээнүүдээс илүүтэйгээр төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд нэг зорилгын дор нэгдэж чадсан нь маш олзуурхууштай юм. Улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон хувийн хэвшил, үйлдвэрлэгч, экспортлогчдынхоо дуу хоолойг сонсож, хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдлын хүрээнд бид хэрхэн цааш ажиллах вэ гэдэг талаар хэлэлцэх гэж байна. Мөн арга хэмжээний хүрээнд цахим үзэсгэлэн, төсөл танилцуулах цахим уулзалт, олон улсын цахим сургалт зэргийг зохион байгуулж байгаа нь гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдлэг мэдээлэл олж авах, үзэл бодлоо илэрхийлэх, харилцан хамтын ажиллагаагаа өрнүүлэх зэрэг олон таатай боломжуудыг олгож байна
- Арга хэмжээ нь гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд ямар үр өгөөжтэй вэ?
- Сая хэлсэнчлэн, төрийн болон олон улсын байгууллагуудад бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа цахим үзэсгэлэн болон төсөл танилцуулах B2B уулзалтаар олон улсад сурталчлах, гадаадын хөрөнгө оруулагч, худалдан авагч, бизнес эрхлэгчидтэй шууд холбоо тогтоон, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлж байгаа нь өөрөө эхний ээлжинд мэдээлэл солилцож цаашлаад хамтын ажиллагаа эхлүүлэх томоохон боломж болов уу.-Хөл хорио тогтоосон энэ үед уг форум зохион байгуулагдаж байгаа нь ААН-үүдэд дэмжлэг, хөрөнгө татах боломж гэж харж байна. Ямар салбар чиглэлийг Монгол улсын Засгийн газар, үйл ажиллагааг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна вэ?- Монгол Улсыг асар их байгалийн баялагтай хэмээн тодотгож түүгээрээ ч уул уурхайн салбарын эдийн засагт эзлэх байр суурь өндөр байдаг билээ. Бид сүүлийн жилүүдэд эдийн засгаа төрөлжүүлэх чухал шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч хоёр дахь, асар их түүхий эдийн нөөц баялаг, боломжтой уул уурхайн бус салбар, нэн ялангуяа ХАА, хөнгөн үйлдвэрийн салбараа хөгжүүлэхийг эрмэлзэх болсон. Үүнтэй ч холбоотойгоор энэ удаагийн төсөл танилцуулах уулзалтад уул уурхайн бус төслүүдийг онцолж, хөрөнгө оруулагчдад танилцуулахаар бэлдээд байна. Ноос ноолуур, арьс шир, оёмол сүлжмэл бүтээгдэхүүн, хүнс, үүний дотор мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал, мал ах ахуй, ХАА-н болон аж үйлдвэрийн парк, эрүүл мэнд, гоо сайхан болон бусад салбаруудын экспортод чиглэсэн, хөрөнгө оруулалт шаардлагатай нийт (915 орчим сая долларын өртөг бүхий) 30 гаруй төслүүдийг хөрөнгө оруулагчдад санал болгож, цахим платформоор сурталчилж байна. Манай улсад ХАА, МАА чиглэлийн асар их түүхий эдийн нөөц, боломжуудаа ашиглан инноваци, нөү хоу, технологи шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгон гадаадад экспортлох үйлдвэрлэлийг бий болгох, өргөжүүлэх хүсэл сонирхолтой төслүүд хэрэгжих бүрэн боломж бий. Онцолбол,
• экспортод чиглэсэн ноос ноолуур, арьс ширний үйлдвэрийн өргөтгөлийн төслүүд,
• аж үйлдвэрийн паркын төслүүдээс гадна хувийн хэвшлийн ХАА-н парк байгуулах төслүүд,
• мах махан бүтээгдэхүүн, ус ундаа, хүнсний үйлдвэрийн шинэ технологи ашиглах төслүүд,
• далайд гарцгүй манай орны хувьд загасны аж ахуйн төсөл зэрэг олон сонирхолтой төслүүд танилцуулагдана.
-B2B бизнес уулзалтын онцлог болон хөрөнгө оруулагчдыг татах талаар ямар үйл ажиллагаа явагдах вэ?-
12 дугаар сарын 15-ны өдрийн 14:00-16:00 цагт Тус газар нь ХХААХҮЯ, Дэлхийн банк группын Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран гадаадын хөрөнгө оруулагчдад уул уурхайн бус ХАА, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулах боломж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар илтгэл, мэдээлэл хийхээс гадна Монгол Улсад хөрөнгө оруулж амжилттай үйл ажиллагаа эрхэлж буй хөрөнгө оруулагчид амжилтын түүхээсээ хуваалцах юм. Одоогийн байдлаар www.exportmongolia.org цахим хуудсанд дээрх төслүүдийг байршуулаад, зохион байгуулагч бүх байгууллагууд өөрсдийн шугамаар гадаадын хөрөнгө оруулагчдад арга хэмжээний талаар сурталчилж байна. Гадаадын хөрөнгө оруулагч төслүүдийг үзээд, сонирхсон төсөлтэй цаг товлон уулзах байдлаар В2В уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.
-"Экспорт Монгол 2020” цахим форумын үр дүнг хэрхэн харж байна вэ?
- ААН, үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдний ажлыг зогсолтгүй явуулах үүднээс дээр дурьдсан байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагааны үндсэн дээр ААН, компаниудад санхүүгийн болон бусад хүндрэл учруулахгүйн тулд 100 хувь үнэ төлбөргүй зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Цахим форумаар төрийн болон хувийн хэвшлийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, экспортлогч, хөрөнгө оруулагчид цуглан харилцан мэдээлэл солилцож, үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд, боломжуудын талаар асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлгүүд өрнүүлж, цаашид авч хэрэгжүүлэх боломжит бодлого, арга хэмжээнүүдийг тодорхойлно гэж үзэж байна. Арга хэмжээний бас нэг зорилго болох Монголын үндэсний брэнд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах цахим хөдөлгөөн үүгээр эхэлж, дараа дараагийн томоохон зах зээлүүдэд нэвтрэх томоохон туршлага, сургалт болох болов уу гэж үзэж байгаа.
- Аж ахуйн нэгжүүдэд хандаж хэлэх үг байна уу?
- Хямралын нөхцөл байдалд гар хумхин суухгүйгээр, бусад улс орнуудын жишгээр үйл ажиллагаагаа тасалдуулахгүйн тулд, шинэ боломжийг эрэлхийлж Экспортын нэгдсэн сүлжээ www.exportmongolia.org–д нэгдээрэй. Биднийг хүлээхгүйгээр, нөхцөл байдал хувьсан өөрчлөгдөж буй тул дасан зохицож, хөл нийлүүлэн алхаарай. Энэ удаагийн форум, арга хэмжээ бидний анх удаагийн туршлага болж, дараагийн удаа бид улам олон боломжуудыг нээх болно гэж бодож байна. Иймд та бүхнийг идэвхи санаачлагатай оролцохыг урьж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Экспортын нэгдсэн сүлжээ www.exportmongolia.org- д нэгдэцгээе.Цахим хуудасны зааврыг https://www.youtube.com/watch?v=Bwg78u7k8hg&feature=youtu.be&fbclid=IwAR2AK0_PkdLm882ReiK143yiY8HV4VhShsFkT9z5dGc6jx9xXE2wQGmPOT8 үзэж, бүртгүүлнэ үү.