Б.ЗАЯАБАЛ: Нийт аж ахуйн нэгжийн 97 хувь нь 1 хувийн татвар төлнө
Татварын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр татвар төлөгч таны төлөх татварын хэмжээ буурч, тайлагнах хугацаа багасч, эрх ашиг илүү хамгаалагдаж байгаа тухай ҮТЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал ярив. Харин татварын албаны зүгээс татварын шинэ хуулийн хэрэгжилтийг хангах,татварын харилцааг илүү хялбар, хурдан шуурхай болгох зорилгоор олон улсын татварын шинэлэг зарчим, цахим үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэлээ хангаж буй талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Татварын шинэ хууль хэрэгжсэнээр нийт татвар төлөгчдийн 97 хувь нь нэг хувьт татварын системд тус тус шилжинэ.
Улсын хэмжээнд татвар төлөгчдийн бааз нь нийт 190 мянга гаруй аж ахуй нэгжээс бүрддэг. Татварын шинэ хуулиар нийт татвар төлөгчдийн 97 хувь нь нэг хувьт, гурван хувь нь 10 хувьт, 448 ширхэг аж ахуй нэгж нь 25 хувийн татварын системд тус тус шилжинэ. Тэгвэл тэдгээрийг борлуулалтын орлогоор нь бичил, жижиг, дунд, том сегментүүдэд хувааж ногдох татварын хувь хэмжээг зохицуулсан зохицуулалт энэхүү багц хуулинд багтсан.
Бичил сегментэд жилийн 50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой нийт 125 мянган аж ахуй нэгж багтана. Нэг хувийн татварын системд шилжиж, жилдээ нэг удаа тайлагнана.
Жижиг сегментэд 50-300 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой нийт 57 мянган аж ахуй нэгж багтана. 10 хувийн татвар төлөх боловч есөн хувийг буцаан авснаар нэг хувийн татвар системд шилжинэ.
Дунд сегментэд 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн жилийн борлуулалтын орлоготой 67 мянган аж ахуй нэгж багтаж, 10 хувийн татвар төлж, жилд хоёр удаа тайлагнана.
Том сегментэд 1.5-6 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой нийт 448 аж ахуй нэгж багтана. Зургаан тэрбум хүртэлх жилийн борлуулалтын орлоготой бол 25 хувийн татвар төлнө.
Татварын шинэ хуулиар нийт аж ахуй нэгжийг борлуулалтын орлогоор нь дөрвөн сегментэд хуваасан/Эх сурвалж:Татварын ерөнхий газар/
Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал:
Дэлхийн улс орнуудын татварын байгууллагуудын татвар төлөгчтэйгөө харьцдаг системийг Монголдоо нэвтрүүлж байгаа.
Татвар төлөгчийн эрх ашиг илүү хамгаалагдана
Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтыг нэвтрүүлэх асуудлыг хуульчилж өгсөн. Ингэснээр зөвхөн “эрсдэлтэй” гэж үзсэн татвар төлөгчийн тайлагнал нь үнэн зөв эсэхийг тогтоох татварын хяналт шалгалт хийнэ. Харин эрсдэлгүй татвар төлөгчийг татварын хяналт шалгалтад хамруулахгүй. Түүнчлэн татвар төлөгчид хийсэн татварын хяналт шалгалтын дүнд “шийтгэлийн хуудас” биш “татварын нөхөн ногдуулалтын акт” бичдэг болсон нь татвар төлөгчийн дутуу тайлагнасан албан татварын зөрчлийг прокурорын байгууллага хянахгүй, зөвхөн татварын байгууллага шийдвэрлэдэг болж байна. Түүнчлэн Татварын маргаан таслах зөвлөл 2 шатлалтай байсныг цөөрүүлж нэг шатлалтай болгосон, татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсныг бууруулж 4 жил болгосон, татварын өр төлөх хугацааг 2 сар хүртэл сунгадаг байсныг 24 сар хүртэл болж нэмэгдүүлсэн зэргээр татвар төлөгч таны эрх ашгийг илүү хамгаалсан олон зохицуулалтыг татварын хуулийн 2 дахь шатны шинэчлэлд тусгасан.
Мөн татварын тайланг дараагийн татварын жилд залруулах, тушаасан татварын тайланд боловсруулалт хийж, зөрүүг ажлын 3 хоногийн дотор залруулах тухай зөвлөмжийг өгч ажилладаг болсноор татвар төлөгч татварын үүргээ биелүүлэхэд хялбар болж байгаа юм.
Цэнхэр дэвтэргүйгээр орлогоо тогтоолгох боломжтой болно
Татвар төлөгчид татварын шинэчлэлтэй уялдуулаад нийт иргэддээ татвар төлөгчийн дугаарыг олгож, орлогоо цэнхэр дэвтэргүйгээр тогтоолгох боломжтой болно. Татвар төлөгч цахим хаягаа шалгадагтай адил татварын албанд хандан, өөрийнхөө дансыг шалгадаг системд нэвтрэнэ. Суутгал нь одоо цэнхэр дэвтэр дээр бичигдэж, баталгаажих зарчмаар явж байгаа бол цаашдаа татвар төлөгчийн кодны дагуу автоматаар иргэний дансанд бүртгэгдээд явдаг системд шилжинэ.
Татварын харилцааг зохицуулдаг журмыг 40 болгон цөөлнө
Татварын харилцааг зохицуулдаг журмын тоог цөөлснөөр илүү ойлгомжтой болж, ил тод байдал хангагдана. Татвар төлөгчийг бүртгэх, тайлангаа тайлагнах, татвараа төлөх, татварын хяналт шалгалт хийхэд нийт 60 журмаар зохицуулагддаг байсан бол одоо 40 журмаар эдгээр харилцааг зохицуулдаг болно.
Татварын шинэчлэлтэй уялдуулаад татварын удирдлагын ТУНС нэгдсэн системийг 2020 оны нэгдүгээр сард нэвтрүүлнэ.
Өмнө нь itax.mta.mn, e-tax.mta.mn, ebarimt.mn гэсэн гурван мэдээлэл цуглуулах програмууд дээр ажилладаг байсан бол эдгээрийг нэг болгон нэгтгэсэн нэгдсэн мэдээллийн санг бүрэн нэвтрүүлнэ.
Татварын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх эхний шатанд нийт 24 модулиас татварын бүртгэл, тайлан боловсруулалт, татварын орлогын бүртгэл, татварын тооцоолол, өр барагдуулах зэрэг таван модулийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ашиглаж байна. Тэгвэл шинэ татварын багц хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн 2020 оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд ТУНС нэгдсэн системийн хөгжүүлэлтийг бүрэн хийж дуусган,үлдсэн 19 модулийг нэвтрүүлнэ. Ийнхүү бүрэн нэвтэрснээр татвар төлөгч нь татвар төлсөн тодорхойлолт, төв замын зөвшөөрөл, санал, гомдол гаргах зэрэг 40 гаруй төрлийн үйлчилгээг цахимаар авах бүрэн боломж хангагдана.