Татвар төлөгчдийн цагийг хэмнэж, маргаан таслах зөвлөл нэг шатлалтай боллоо

-Татвар төлөгчдөөс жилд хичнээн гомдол ирүүлдэг вэ?
Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд жилд дунджаар 50-60 гомдол ирдэг. Үүнээс 45-50 гомдлыг хянан шийдвэрлэж байна.
-Татвар төлөгчид татварын байцаагчийн акттай холбоотой гомдлыг ямар хугацаанд гаргах ёстой байдаг вэ. Энэхүү гомдлыг буцаах тохиолдол байдаг уу?
Татвар төлөгч татварын улсын байцаагчийн актыг гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор харьяалах маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй. Татвар төлөгчийн гомдлыг харьяалах чиг үүргийн бус, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, ТЕХ-ийн 17 дугаар зүйлд заасан "харилцан тохиролцох журам”-ын хүрээнд хүсэлт гаргасан зэрэг тохиолдолд хүлээн авахаас татгалзаж болно. Жишээ нь Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн харьяалах гомдлыг бид хүлээн авахаас татгалзана.
-Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд шинэчилсэн журмаар ямар өөрчлөлт оруулсан бэ?
Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий хуулийн 46.5.1, 46.5.2-т маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүний талаарх зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд ямар, ямар байгууллагын төлөөллийг оруулахыг тусгайлан заасан. Тухайлбал, аймаг, нийслэлийн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд нутгийн захиргааны байгууллага, татварын албаны төлөөлөл, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл оруулна гэж нарийвчлан зохицуулж өгсөн байгаа юм.