Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх оны гуравдугаар сар хүртэл сунгав

 Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар мэргэжлийн байгууллагууд коронавируст халдварын салбар дундын 18 дахь шатны эрсдлийн үнэлгээг хийж, коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахал хүн амын дунд тархах эрсдэл “өндөр” гэж үнэлжээ. Иймд хүн амыг халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр гамшгаас хамгаалах дараах дэглэмийг хэрэгжүүлэх саналыг УОК-оос гаргасныг Засгийн газраас дэмжин шийдвэрлэлээ.Аймгуудын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгаад байна.Орон нутагт Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ гэсэн 6 аймгийн 7 суманд халдвар бүртэгдсэнээс хойш 7-43 хүртэл хоногийн хугацаанд дахин халдвар гараагүй. Иймд ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу дээрхи аймгуудыг халдваргүй, эрүүл ногоон бүсэд тооцож, хатуу хөл хорионы дэглэмүүдийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж байна. Ингэснээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум,  Дорноговь аймгийн Замын-үүд сумаас бусад орон нутагт иргэд, аж ахуй нэгжүүдийг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд хэвийн амьдралын горим руу шилжүүлэх боломж бүрдэж байна. 
Монгол Улс гамшгаас хамгаалах арга хэмжээ авсан хугацаанд дэлхийн 93 улсаас 27,763 иргэнээ зохион байгуулалттайгаар татан аваад байгаагийн 21,126 нь тусгай үүргийн нислэгээр 6637 нь автозамын боомтоор нэвтрүүлжээ.
Цаашид хилийн боомтуудын хорио цээрийн дэглэмийг хэвээр мөрдөж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, ачаа тээвэр, тусгай үүргийн нислэгүүдийг үйлдэнэ.
Мөн өдөр коронавируст халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаатай холбогдон гарсан нэмэлт зардалд шаардагдах 1,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Уг төсөв нийтийг хамарсан түргэвчилсэн болон PCR шинжилгээний зардал, тусгаарлах байранд ажиллаж байгаа ажилчид, халдвар хамгааллын хувцас хэрэглэл, ариутгал халдваргүйтгэл, 11 сар тасралтгүй идэвхи зүтгэл гарган ажилласан салбар бүрийн төлөөлөл албан хаагчид, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авч эмчлүүлж байгаа эмнэлгийн эмч, сувилагч ажилтнууд, илүү цагаар үүрэг гүйцэтгэн ажилласан албан хаагчид, нийтийн хэв журам сахиулах цагдаа, дотоодын цэргийн урамшуулал, дэмжлэгт зарцуулагдана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.



скачать dle 12.0

Холбоотой мэдээ