Турк улс дүрвэгчдийн шинэ урсгалыг барьж дийлэхгүй болж байгаагaa Европт анхаарууллаа


Сирийн баруун хойд нутагт болж байгаа байлдааны ажиллагааг зогсоохгүй бол Сириэс дүрвэгчдийн шинэ урсгал ирэхээр байгааг Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр хэлсэн үгэндээ мэдэгджээ.
Хэрвээ энэ урсгал нутаг дэвсгэрт нь орж ирвэл тогтоох аргагүй болох тул Европын орнууд руу чиглүүлнэ гэж тэр анхааруулсан байна. Турк улсад одоо Сирийн 3.7 сая дүрвэгч орогнож байгаа нь дэлхий дээр хамгийн олон дүрвэгч нэг дор цугларсан тоо юм.
Дүрвэгчдийн шинэ урсгал Сирийн босогчдын мэдэлд байгаа сүүлчийн бүс нутгуудын нэг Идлиб мужаас үүсэх магадлалтай болоод байна. Гурван сая орчим хүн амьдардаг энэ бүс нутгийг босогчдоос чөлөөлөхийн тулд Башар Аль Ассадын засгийн газар Оросын зэвсэгт хүчинтэй хамт байлдааны ажиллагаагаа эрчимжүүлээд байгаа юм.
Одоогийн байдлаар Идлибээс Турк руу 80,000 дүрвэгч ирээд байгааг Эрдоган мэдэгдсэн байна.
“Хэрвээ Идлибийн иргэдийн эсрэг хүчирхийллийг зогсоохгүй бол энэ тоо улам нэмэгдэнэ. Ингэсэн тохиолдолд Турк улс дүрвэгчдийг барьж дийлэхгүй. Үүний нөлөө Европын бүх улс орнуудад, тэр тусмаа Грек улсад хүчтэй мэдрэгдэнэ” гэж тэр хэлжээ.
Эрдоган бас Идлибийг бөмбөгдөхөө зогсоохыг Оросын талаас хүсэхээр Даваа гарагт төлөөлөгчдөө Москва руу илгээхээр болсныг мэдэгдсэн юм.
Турк улс аравдугаар сард Сирийн хойд нутагт цэргээ оруулж, тэнд дүрвэгчдийг суурьшуулах тусгай бүс байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ зорилгодоо тэр олон улсаас дэмжлэг авахыг эрмэлзэж байна.
Гэвч АНУ, Европ тэргүүтэй орнууд Туркийн цэргийн ажиллагааг шүүмжилж, дэмжлэг үзүүлэхгүй байгаа юм.
“Европын улсууд Туркийн цэргийн ажиллагааг шүүмжлэхийн оронд Идлибийн хядлагыг зогсооход анхаарлаа хандуулахыг бид уриалж байна” гэж Эрдоган хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Женевт хуралдсан НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг дүрвэгчдэд зориулж нийт 50,000 суурин байгуулахад $3 тэрбумын хөрөнгө гаргахаа амласан юм. Уг хуралд оролцсон Эрдоган үүнийг хангалтгүй гэж үзэж байна.
Арванэгдүгээр сараас хойш Идлибээс 205,000 орчим хүн дүрвэснийг Туркийн Анадолу агентлаг өчигдөр өглөө мэдээлжээ. Орос, Сирийн зэвсэгт хүчин Идлибт энгийн иргэдийг хэлмэгдүүлээгүй, зөвхөн Аль Кайдад харьяалагддаг исламын зэвсэгт бүлгийн эсрэг ажиллагаа явуулж байгаагаа мэдэгдээд байгаа юм.
 
Эх сурвалж: Reutersскачать dle 12.0

Холбоотой мэдээ