Улсын их хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Авлигатай тэмцэх газрын хамт олонд мэндчилгээ хүргүүлэв.
Уг мэндчилгээнд “Монгол Улсад Авлигатай тэмцэх бие даасан байгууллага үүсэн байгуулагдсаны ойн өдөр өнөөдөр тохиож байна. Арван дөрвөн жилийн өмнө Авлигатай тэмцэх газрыг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлсэн нь авлигын эсрэг тууштай тэмцэх, улмаар авлигын аливаа илрэлийг таслан зогсоох дэлхий нийтийн эрмэлзлэлтэй Монгол Улсын төр, засаг, түмэн олон хүсэл зориг нэгтэй байгаагийн илэрхийлэл болсон билээ.
Улс орны аюулгүй байдалд заналхийлж, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсийг доройтуулан, хөгжлийг сааруулж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулагч хорт үзэгдэл болох авлигатай тэмцэх, авлигыг үл тэвчих үзэл санааг нийт нийгэм, ард олны дунд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газар өнгөрсөн хугацаанд ихээхэн хүчин чармайлт тавьж, чамгүй амжилтад хүрснийг энэ өдөр цохон тэмдэглэхэд таатай байна.
Авлигын хохирлыг ард түмэн төлдөг, Авлигын төлөөсөнд улс үндэстэн улс үндэстэн ирээдүйгээ, хөгжил дэвшлээ, соёл түүхээ бүдгэрүүлдэг. Тиймээс авлигатай тэмцэх тэмцэл нь ардчилал, хууль дээдлэх ёс, шударга ёсыг өмөөрөн, улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн төлөө тэмцэж буй ариун үйл хэрэг юм. Энэ “ариун дайн”-д ялагдаж болохгүй.
“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын индексээр манай улс сүүлийн жилүүдэд эзлэх байраа урагшлуулсаар байгаа. Гэхдээ Монгол Улсад авлига үнэхээр хумигдаж, эрүүл, шударга нийгмийг цогцлоож байгаа юу гэвэл “Тийм” гэж хэлэх нь эртэднэ.
Авлига манай орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд нөлөөлөхүйц таагүй хүчин зүйл болж, улс төрийн авлигын түвшин буурахгүй, авлигын байдлыг хүн амын тоонд харьцуулсан судалгаагаар дээгүүр байрт жагссан хэвээр байна. Энэ бол Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа улам чухал, илүү нарийн төвөгтэй болж байгаагийн илэрхийлэл юм.
Монгол Улсын Их Хурал 2005 онд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг, 2006 оны долдугаар сард Авлигын эсрэг хуулийг, 2016 оны аравдугаар сард Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын тухай, Засгийн газрын тухай, Шүүхийн тухай, Улс төрийн намуудын тухай зэрэг хуулиудад өөрчлөлт оруулж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал болон төрийн байгууллагыг улс төрөөс хараат бус байлгах, намуудын санхүүжилтийг ил тод болгох, төрийн өндөр албан тушаалтны халдашгүй байдлын талаарх хуулийн зохицуулалтыг өөрчлөх зэрэг чиглэлээр үр дүнтэй, бодит алхам хийхийг манай парламент зорьж байна.
Төрийн байгууллагуудын бүхий л үйл ажиллагаа ил тод, нээлттэй, албан тушаалтнууд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ямагт ангид байх ёстой. Төсвийн зарцуулалтын хяналтыг сайжруулж, зөвшөөрөл лицензийн тоог бууруулах, бүх төрлийн худалдан авалтад тавих хөндлөнгийн хяналтыг хүчтэй болгох, авлигачдын хүсэл сонирхлыг хууль тогтоох үйл ажиллагаанд шургалуулахгүй байх зэрэгт хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал цаашид ч онцгой анхаарах болно.
Сайн засаглалыг бэхжүүлэх, шударга ёсыг дархлаажуулах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх, иргэнээ дээдэлсэн нийгэм, хөгжлийг тэтгэсэн эдийн засгийг цогцлоох шинэчлэлийн зорилт маань Та бүхний идэвхтэй оролцоотойгоор үр дүнд хүрч, Монгол Улсад хуулийн засаглал, эрүүл нийгэм төлөвшин бэхэжнэ гэдэгт итгэлтэй байна. Авлигатай хийх тэмцлийг бүх шатанд идэвхтэй өрнүүлж, төрийг авлигаас бүрэн ангид байлгах, бизнесийн болон өрсөлдөөний шударга орчин бүрдүүлэх, авлигачдад хуулийн дарангуйлал тогтоох, улмаар олон нийтийн төрд итгэх итгэлийг сэргээхийн төлөөх эрхэм үйлсэд их амжилт олохыг Танай хамт олонд хүсэн ерөөе.
Авлигаас ангижирсан, хөгжин дэвшсэн Монгол Улс, сайн цаг, сайхан ирээдүйн төлөө хамтдаа зүтгэцгээе” гэжээ.