Н.ЭНХМЭНД: Мэргэшлийн зэрэг горилох, сунгах багц цаг тооцох сургалтууд 18-аас эхэлж байна

Барилгын хөгжлийн төвөөс салбарын  мэргэшлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтнүүдэд зориулсан заавал  суралцах болон сонгон суралцах багц цаг тооцох сургалтыг зохион байгуулдаг.  Сургалттай холбоотой бусад асуудлаар Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн Н.Энхмэндээс тодрууллаа.
-Барилгын хөгжлийн төв ямар ямар сургалтуудыг зохион байгуулж байна вэ?
- Манай төв нь Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 200 дугаар дүрмийн хүрээнд мэргэшлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтнүүдэд зориулсан багц цаг тооцох сургалтыг зохион байгуулж байна. Мөн салбарын инженер техникийн ажилтнуудыг чадавхижуулах ХАБЭА-н ажилтан бэлтгэх сургалт, нийт ажилтнуудад зориулсан ХАБЭА-н сургалт, ажил олгогч эздэд зориулсан ХАБЭА-н сургалт,  ТАШ-ны сургалт, Дэвшилтэт технологийн сургалт,  Байгууллагуудын захиалгат сургалтыг зохион байгуулдаг. Цар тахалтай байгаа өнөө үед сургалтын үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлж, онлайн сургалтуудыг зохион байгуулж байна.
Зөвлөх болон мэргэшсэн зэрэг горилох, сунгах бүх хүрээний инженерүүдэд зориулсан заавал суралцах багц цаг тооцох сургалтууд 2021 оны сургалтын төлөвлөгөөний дагуу энэ сарын 18-наас эхлэхээр бүртгэл явагдаж байна.
Цаашид сонгон суралцах багц цаг тооцох сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэн зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.  
- Шинээр мэргэшлийн зэрэг горилох инженерүүд ямар шаардлага хангасан байх ёстой  вэ?
Мэргэшсэн зэрэг горилох архитектор, инженер, төсөвчин нь  мэргэжлээрээ төгсөөд таван жил ажилласан туршлагатай байх шаардлагатай. Мөн сургалтын хэлбэрээр 10 багц цагийг хангасан байна. Үүнээс заавал суралцах таван багц цаг, сонгон суралцах таван багц цагаа бүрдүүлнэ.
Харин зөвлөх болон тэргүүлэх зэрэг горилох мэргэжилтэн нь мэргэшсэн зэрэг нь хугацаагүй эрхтэй болсноос хойш гурван жилийн хугацаанд заавал суралцах сургалтын гурван багц цагийг хангасан байх ёстой. Хэрэв хугацаа нь гурав болон түүнээс дээш жил болсон тохиолдолд 15 багц цагийг хангасан байна. Үүнээс сургалтын хэлбэрээр заавал суралцах,  сонгон суралцах, бие даасан хэлбэрээр гээд тус бүр тав, таван багц цагийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Бие даасан хэлбэрээр тооцогдох багц цагийг салбарын чиглэлээр хуулийн төслийг боловсруулах, хуулийг дагалдан гарах дүрэм, журмын төслийг боловсруулж батлуулсан, норм, дүрэм, стандартын ажлын хэсэгт орж ажилласан, батлуулсан, мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага боловсруулсан, төсөл хөтөлбөр боловсруулж батлуулсан, сургалтын хөтөлбөр боловсруулсан, мэргэжил дээшлүүлэх сургалтад хичээл заасан, мэргэжлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн /магистр, доктор/ зэрэг энэ шалгуур үзүүлэлтүүдээс хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл  Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 200 дугаар дүрмийн 5.7.1-5.7.9-д заасны дагуу тооцдог.
-Инженерүүд мэргэшлийн зэргийн хугацаагаа хэрхэн сунгуулах вэ?
-Зөвлөх, тэргүүлэх зэрэг сунгах мэргэжилтэн нь зэргийн хүчинтэй хугацаандаа 15 багц цагийг хангасан байна. Үүнээс сургалтын хэлбэрээр заавал суралцах 3 багц цаг, сонгон суралцах 2 багц цаг, бие даасан хэлбэрээр 10 багц цагийг бүрдүүлнэ.
Мэргэшсэн зэрэг сунгах инженер зэргийн хүчинтэй хугацаандаа 15 багц цагийг хангасан байна. Үүнээс сургалтын хэлбэрээр 10 багц цагийг /заавал суралцах таван багц, сонгон суралцах 5 багц/, бие даасан хэлбэрээр таван багц цагийг бүрдүүлж шаардлага хангаснаар зэргээ сунгуулах шалгалтад хамрагдах боломжтой.
-Инженерүүдийн мэргэшлийн зэрэг горилох шалгалтуудыг ямар байдлаар зохион байгуулдаг бэ?
-Шалгалтыг мэргэшлийн зэргээс хамааран зохион байгуулдаг. Тухайлбал мэргэшлийн зэрэг горилох шалгалт нь хоёр үе шаттай. Мэргэшсэн зэрэг горилох мэргэжилтэн нь нэгдүгээрт,  мэргэшлийн хүрээгээр мэргэжлийн мэдлэгийг шалгах тестийн шалгалтыг цахим хэлбэрээр өгнө. Тестийн шалгалтад тэнцсэн тохиолдолд хоёрдугаар шатны шалгалтыг буюу мэргэжлийн ур чадварын даалгавар гүйцэтгэх юм. Энэ хоёр  шалгалтын дундаж үнэлгээгээр шалгалтанд тэнцсэнд тооцдог.
Харин зөвлөх, тэргүүлэх зэрэг горилох мэргэжилтэн нь мэргэшлийн зэрэг горилох хүрээгээр мэргэжлийн мэдлэгийг шалгах бичгийн шалгалтыг өгч тэнцсэнээр хоёрдугаар шатны шалгалт буюу сэдвийн хамгаалалт, мэргэжлийн ур чадварыг шалгалтыг тус тус гүйцэтгэдэг.
Мэргэшлийн зэргээ сунгуулах мэргэжилтэн нь тайлан хамгаална. Энэ нь ярилцлага хэлбэрээр зохион байгуулагддаг.
-Мэргэшлийн зэрэгтэй инженерүүд юуг анхаарах ёстой вэ?
Мэргэжилтний мэргэшсэн зэргийг гурван жил, зөвлөх, тэргүүлэх зэргийг таван жилийн хугацаагаар олгодог. Зэрэг ахиулснаас хойш тус бүр хоёр удаа сунгаснаар хугацаагүй эрхтэйд тооцдог. Манай мэргэжилтнүүд зэрэг авснаас  хойш сургалтад хамрагдан багц цаг хангах тал дээр анхаарахгүй байснаас шалтгаалж зэргийн хүчинтэй хугацаа дуусахад шалгалтад орох шаардлага хангахгүй болчихдог. Үүнээс болж зэргээ хугацаанд сунгуулж чаддаггүй. Мэргэжилтэн хоёр жил дараалан сургалтын багц цагаа хангаж мэргэшлийн зэрэг сунгах шалгалтад ороогүй болон тэнцээгүй тохиолдолд  хүчинтэй хугацаа сунгагдахгүй  болохыг анхаарах хэрэгтэй. Мөн мэргэжлийн алдаа дутагдал гаргасныг эрх бүхий байгуулагаас тогтоосон, мэргэжлийн ёс зүйн дүрэм, стандартыг зөрчсөн бол зохион байгуулагч байгууллагын саналыг үндэслэн мэргэшлийн зэргийг Зөвлөлөөс хүчингүй болгодог.
-Салбарын мэргэжилтнүүд мэргэшлийн зэргийн нэмэгдэл авах боломжтой юу?
-Мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн нь мэргэжлээрээ ажиллахад Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу мэргэшлийн зэргийн нэмэгдэл авч болдог.  Мэргэшлийн зэргийн сарын нэмэгдлийн дээд хэмжээг ажилтны сарын цалингийн хэмжээнээс Зөвлөх зэргийн нэмэгдэл 20%, Мэргэшсэн зэргийн нэмэгдэл 10%-аар  тооцож тухайн байгууллагын дотоод журмын дагуу удирдлагын шийдвэрээр олгож болдог.
Ярилцсанд баярлалаа
 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ