“Эмэгтэйчүүд хүний эрхийн боловсролын төлөө” хүний эрхийн сургагч багш бэлтгэх цахим сургалт зохион байгуулна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Европын холбооны санхүүжилтээр 2020-2022 онд "Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийг 2020-2022 онд хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 14-23-нд “Эмэгтэйчүүд хүний эрхийн боловсролын төлөө” хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулна.
Дээрх төслийн Ажлын хэсэг нь өнгөрсөн сард Архангай, Өвөрхангай аймагт томилолтоор ажиллаж, сургалт, уулзалтуудыг зохион байгуулж байх үед Монгол Улс дотооддоо цар тахлын халдварыг алдсан тул томилолтын багийг төвөөс дуудаж төлөвлөсөн арга хэмжээг цуцалсан юм. Үүссэн нөхцөл байдалд уялдуулан уг сургалтыг 2020 оны 12 дугаар сарын 14-16-нд Өвөрхангай, 17-19-нд Хэнтий, 21-23-нд Сүхбаатар аймагт цахимаар явуулна.
Энэ удаагийн сургалтын зорилго нь Монголын эмэгтэйчүүдийн холбооны орон нутгийн гишүүдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх, сургагч багшаар дамжуулан иргэдэд хүний эрхийн боловсролыг түгээх, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлсэд ХЭҮК-той хамтран ажиллахад чиглэх юм.
Сургалтыг ХЭҮК-оос “Хүний эрх, эрх чөлөөний баталгаа ба Үндсэн хууль”, “Жендэрт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийлэл”, “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенц”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх”, “Оролцооны эрх”, “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал” сэдвийн хүрээнд аймаг тус бүрт 3 өдөр явуулна.