Нийгмийн даатгалын сангийн орлого 2020 онд 2.7 их наяд төгрөг болж, буурчээ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 онд 2.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 134.2 (4.8%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оноос 134.2 тэрбум төгрөгөөр буурахад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 71.3 (33.3%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин 2020 оны 12 дугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 346.0 тэрбум, зарлага 325.7 тэрбум болж, өмнөх сараас орлого 124.9 (56.5%) тэрбум төгрөгөөр, зарлага 17.4 (5.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2020 онд 3.2 их наяд төгрөг болж, өмнөх оноос 703.0 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 337.9 тэрбум төгрөгөөр, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 355 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Ажилгүйдлийн даатгалын сангаас 2020 онд 21.4 мянган хүнд 50.2 тэрбум төгрөг олгосон нь өмнөх онтой харьцуулахад тэтгэмж авагчид 1659 (7.2%) хүнээр буурч, олгосон тэтгэмжийн хэмжээ 6.7 (15.3%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас коронавирус халдвар цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа төрийн бус өмчийн аж ахуйн нэгж, байгууллага, их, дээд сургуульд ажиллаж байгаа даатгуулагчид болон сайн дураар даатгуулагчдад 2020 оны 7 дугаар сараас эхлэн сар бүр 200.0 мянган төгрөгийн дэмжлэгийг олгож байна. Энэ онд давхардсан тоогоор 220.8 мянган даатгуулагчдад 44.1 тэрбум төгрөгийн дэмжлэгийг олгожээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2020 онд 2.6 (давхардсан тоогоор) сая хүнд 1.6 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгосон нь өмнөх оноос нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 194.6 (8.2%) мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 912.5 (2.4 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Монгол Улсын Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж 288.0 мянган төгрөг, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100.0 мянган төгрөг, хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай хүүхдэд 16.0 мянган төгрөг, насанд хүрэгчдэд 32.0 мянган төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн юм.
Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид, тэдгээрт олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ өмнөх оноос нэмэгдэхэд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” авсан 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 186.3 мянгаар, олгосон тэтгэмжийн хэмжээ 823.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2020 онд 59.1 мянган хүн хамрагдсан нь өмнөх оноос 1548 хүнээр буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 51.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.