Олон хүүхэдтэй эхийн ажилласан жилийг нэмэгдүүлэх журам үйлчилж эхэллээ
Олон хүүхэдтэй эхчүүдийн ажилласан жилийг нэмэн тооцох журам энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэллээ.
Тодруулбал, эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийн тоогоор нэмэх эрхзүй бүрдэж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нь 27 жил бол 4 хүүхэдтэй эхийн тэтгэвэр тогтоолгох жил нэг хүүхдийн тоогоор 1.6 жилээр үржигдэн нэмэгдэж байна. Энэ нь нэг ёсондоо төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.6 жил нэмэх хуулийн заалт юм. Ингэснээр эхчүүдийн нийт шимтгэл төлсөн жил нь төрүүлсэн хүүхэд бүрийн тоогоор нэмэгдэх нөхцөл бүрдэж байна.
Жишээ нь, дээр дурдсанаар 27 жил шимтгэл төлсөн бол тухайн хүн НДШ-ийг 33 жил төлснөөр тооцогдох нь. 4 хүүхэдтэй эх 20 жил шимтгэл төлсөн бол 26 жил төлснөөр тооцон тэтгэврийн хэмжээ өөрчлөгдөөд явах талаар НДЕГ-аас мэдээлж байна.
Мөн эхчүүд хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацаанд нийгмийн даатгал нь тасрахгүй байх нөхцөл бүрдүүлсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж эхэлж байна. Дээрх хугацаанд албан журмын даатгуулагч эхийн шимтгэлийг ажил олгогч, сайн дурын даатгуулагч эхийн шимтгэлийн 50 хувийг Тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг өөрөө, бусад эхчүүдийн шимтгэлийн 50 хувийг төрөөс, үлдсэн хувийг нь өөрөө хариуцан төлөхөөр зохицуулжээ.
Мөн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүртээ жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь 2 удаа л олгодог байсан тэтгэмжийг одоо хүүхэд төрүүлэх бүрт нь олгох юм.