Индукцийн технологиор ган бөөрөнцөг үйлдвэрлэх хос шугам ашиглалтад орлоо
Индукцийн технологи, цувих иж бүрэн шугамыг ашиглалтад хүлээн авах нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Эрдэнэт үйлдвэр хурдацтай хөгжиж буй технологийн дэвшлийг дагаж тоног төхөөрөмжөө шинэчлэх, ажилчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн нийт 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ онд хийсэн.
Цувих хос шугам ашиглалтад хүлээн авах нээлтийн үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, орлогч захирлууд болон холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцлоо. 1996 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор Ш.Отгонбилэг агсны санаачилгаар байгуулагдсан Ган бөөрөнцгийн цех өнөөг хүртэлх хугацаанд 300-аад мянган тонн ган бөөрөнцөг буюу 60 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзаж, байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй индукцийн технологи нэвтрүүлснээр 80х100, 40х80-ын голчтой цувих шугамаар ган бөөрөнцөг үйлдвэрлэх боломж бүрдлээ. Шинэ технологи нэвтрүүлэх тус ажилд дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд зардлаа 1,5 жилийн дотор нөхөх тооцоо гаргаад байна. Эрдэнэт үйлдвэр цахилгаан эрчим хүчээр ажилладаг индукцийн технологи руу шилжсэнээр жилдээ 24500 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэхэд 1,3 тэрбум төгрөг хэмнэж ажиллана. Баялаг бүтээгчид оны ажлаа үр дүнтэй бүтээн байгуулалтаар өндөрлөж, ирэх оныг эрч хүчээр дүүрэн угтаж байна.