Хямдаар амрах боломжийг бүрдүүлсэн “ХЯМД АМАР” цахим үзэсгэлэн нээгдлээ
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын зочид буудлуудын холбоо ТББ, “Айхотел” ХХК-наас хамтран “ХЯМД АМАР” аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг 1-р сарын 27-ноос 3-р сарын 31-ний хооронд зохион байгуулж байна.
COVID-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор олон улсын болон дотоодын аялал жуулчлалын урсгал зогссон энэ үед тус салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор, жуулчны бааз, амралтын газар, зочид буудлуудаа дэмжих, үйл ажиллагааг нь сэргээх зорилтыг салбар яам тавин ажиллаж байгаа.
Энэ хүрээнд амралтын газар, жуулчны бааз, зочид буудлуудад эдийн засгийн эргэлтийг бий болгох, нөгөө талаас иргэдийг аялах, амарахад хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “ХЯМД АМАР” аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг нээж байна.
Үзэсгэлэнд Улаанбаатар хот, хөдөө орон нутгуудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд иргэдэд анх удаа үйлчилгээгээ 50 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр санал болгож байна. Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд иргэд аяллаа төлөвлөж, хөнгөлөлттэй үнээр худалдаж аваад, тус газраа хүссэн үедээ үйлчлүүлэх өдрөө баталгаажуулснаар “Хямдаар-Амрах” боломжийг олгох юм.
Одоогийн байдлаар 80 гаруй зочид буудал, амралтын газар, жуулчны баазууд энэхүү үзэсгэлэнд оролцож, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээгээ санал болгож байна. Мөн үзэсгэлэнгийн хугацаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн аялал жуулчлалын үзэсгэлэн дэс дараатай зохион байгуулагдаж, иргэд, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд, байгаль, түүх, соёлын өв бүхий газруудаа таниулах юм.
Иймд аж ахуйн нэгжүүдийг тус үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах, мөн иргэдийг аяллаа төлөвлөх мэдээ мэдээллээ авч, хямдаар аялах захиалгаа өгөхийг уриалж байна.