Байгальтай ёс бусаар харьцаад баларсан явдлууд
Байгальтай хатуу харьцвал гэсгээлийг нь дэндүү ихээр хүртдэг гэсэн бичигдээгүй хуулийг монголчууд үеийн үед сахиж биелүүлсээр ирсэн билээ. Гэвч түмний дунд дор хаяад нэг мунхаг хүмүүн байдаг хойно доо, ёс бус зүйл үйлдсэнийхээ улмаас гэсгээл
цээрлэлийг нь хүлээх нь энүүхэнд. Энэ ч учраас мөрөөрөө яваа адгуусан болоод байгаль ертөнцөө хайрлаж чадаагүйн улмаас амь насаараа хохирч, цаашлаад голомтоороо сүйрсэн эмгэнэлт явдлуудаас цөөн жишээг санамж болгох үүднээс бичиглэж байна.
Хөхүүл гичий агнаад цээрлэл амсав
Өнөөдөр шинэ цагийн цээж өвчтэй баячуул хурдан унаа, галт зэвсэг ашиглан чоно авлах нь ид хаваа гайхуулах, бас чиг цусанд улайрсан манъяк зандаа ханамж авах таатай ажил нь болж хувирсан билээ. Үүнийгээ ихээхэн хөөргөдөг бөгөөд чоно агнах хиймортой ч гэх юм уу. эс бөгөөс “Ижил тэнгэртэйдээ үзэгдэж, илүү тэнгэртэйдээ алагддаг” гэсэн үгсийг нэн түрүүнд сонсчихоод савсаглан гүйх нь бий.
“Илүү тэнгэртэйдээ алагдана” гэдэг нь үнэн хэрэгтээ цахиур буу шийрлэсэн зууны тэртээх өвгөдийг хэлснээс бус нисдэг тэрэг болон жийп машинаар өдөржин элдэж давхиад бахардаж унасан хойно нь автоматаар шүршдгийг хэлдэггүй байх. Юутай ч энэ бүхнийг түр хойш нь тавиад нэгэн болсон явдлыг өгүүлье.
1995 оны хавар Төв аймгийн Лүн сумын орчимд улаан өнгийн “Ниссан патрол” машинтай явж байсан хүмүүсийн халз өмнө нэгэн гичий чоно таарчээ. /Нэгэнт уг явдлаас хойш хэтэрхий гэмээр эмгэнэлт явдлууд шил шилээ даран гарсан учраас уг хүмүүсийн нэр хаягийг нууцлан үлдээхээр шийдлээ/ Уг машинтай нөхдүүд Согоо агнаж сүүлийг нь авах зорилготой явсан бөгөөд АКМС маркийн автомат буугаар зэвсэглэсэн байжээ.
Чоно харангуутаа л хөөсөн юм байх. Цонхоороо хэдэнтээ шүршсэн авч оносонгүй. Аргаа барахдаа нэгэн жижигхэн уулыг хэдэн цагийн турш тойруулж элдсээр байгаад бахардуулан унагаж орхижээ. Уг гичий чоно хөөгдөж явахдаа ходоодон дахь махаа гулгиж явсан гэдэг. “Анчид” машиныхаа цонхоор зэрэг гал нээхэд хөөрхий адгуусан суманд сийчүүлэн амь алдахдаа зүрх зүсэм дуугаар гаслаж байсан аж. Дэргэд нь очиход цээжээр нь нь унжих цэнхэр судалт дэлэнгээс нь сүү дуслаж байсан бөгөөд гичий чонын нүднээс нулимс унасан байх нь мэдрэгджээ. Энэ бүхэнд “анчид” ердөө ч хирдхийсэнгүй. Харин ч ойр хавьд бэлтрэгнүүд нь байгаа гэсэн хар авч эрж хайж эхлэх болов. Тэгэж явтал хэдэн адуу туусан хүүхэд тааралджээ. Машинтай хүмүүс ч хүүд чихэр боовхон өгсөөр ойр хавьд чонын үүр бий эсэхийг нь асуухад “Уржигдар нэг азарган чоно энэ хавиас алагдсан. Саяын жижиг ууланд нэг агуй байдаг юм” гэсээр газарчилж өгчээ. Үнэхээр ч гичий чоно буудуулж үхсэн газраас 100-аадхан метрийн зайтай нэгэн нууцлаг агуй байх нь тэр. Уг агуйд нүдээ нээгээгүй 4 бэлтрэг байсан бөгөөд жийптэй хүмүүс тэжээнэ гэсээр нийслэл рүү авч давхив. Гэвч эхийг нь хөнөөж үүрнээс нь бэлтрэг суйлсан хүмүүс гэртээ очих тавилангүй байжээ. Тэд 22-ын товчооны ойролцоох Шархүүгийн Дөрөлж уруудан хот руу орж яваад Замын хашлага руу машинтайгаа нисэн дөрвүүлээ амь үрэгджээ. Хачирхалтай нь замын машин зогсож түргэн энэ тэр болоход нүдээ нээгээгүй бэлтрэгнүүд гаслан гангиналдаж байсан гэдэг. Эх чонын гэсгээл ингээд ч дуусчихаагүй юм. Гичийг буудсан боссын хоёр хүүхэд нь ойрмогхон өнгөрсөн бөгөөд жолооч залуугийнх нь ах мөн л тэр хавьд авто ослоор өөд болжээ. Ер нь чононоос болсон эмгэнэлт явдал ганц энэ ч биш бөгөөд 1960-аад оны үед хавханд орсон чоныг амьдаар нь өвчөөд голомтоороо сүйрсэн Баарай гэгч эрийн түүх ч бас бий.