Монголд ирэх Даваа гарагаас вакцинжуулалт эхэлнэ
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хөл хорио дуусах энэ сарын 23-наас иргэдээ вакцинжуулж эхлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
ДЭМБ-аас эхний ээлжинд файзер вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгосон. Энэ долоо хоногт "Астра зеника" вакцин бүх шатны туршилт, шинжилгээгээ даваад зөвшөөрлөө авна.
Монгол Улс 4 төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийж, тээвэрлэлтээ төлөвлөсөн бөгөөд астра зениза, файзэр вакцин оруулж ирэх аж.
Файзер вакциныг -70 хэмд хадгалдаг учир ХӨСҮТ-д байдаг үндэсний агуулах, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг бэлджээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд мөн: "Монгол Улс 2020 оны 7 дугаар сараас "Ковакс" хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавиад, хамрагдаад явж байна. Ковакс хөтөлбөрөөр хүн амын 20 хувийг вакцинжуулна, үлдсэн 40 хувийг манай улс өөрсдийн санхүү төсөв, худалдан авалтын зарчмаар зохицуулна. Бүх зардал төсөв Сангийн яаманд батлагдаж шийдэгдсэн. Нийт хүн амын 60 хувийг хамруулна. Дийлэнх вакцин 18-аас дээш насны хүнд хийх зөвлөмжтэй байгаа учир хоёр сая хүнийг вакцинжуулна. Одоо бол худалдан авалт, тээвэрлэлтийн асуудал яригдаж байна" гэв.