"Томуугийн вакциныг ирэх сарын 15-наас авна"
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад ард иргэдээ томуугийн вакцинд өргөн хамруулах нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх нэг арга гэдгийг зөвлөж буй. Тэгвэл манай улсын хувьд иргэдээ хэрхэн томуугийн вакцинд хамруулах талаар ЭМЯ-наас тодруулав. Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Засгийн газар ДЭМБ-ын гэрчилгээтэй үйлдвэрээс вакцин авдаг. Эхний байдлаар Засгийн газрын хөрөнгөөр 120000 хүн/тун вакцин захиалсан. Мөн вакцин дархлаажуулалтын "Global Alliance" байгууллагаас гэрээний хүрээнд 80000 хүн/тун вакцин ирнэ. Ингэснээр эхний ээлжид 200 гаруй мянган хүн/тун вакциныг ирэх сарын 15-нд авах чиглэлтэй байна. Эдгээр вакцины захиалгыг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж авч байгаа. Уламжлал ёсоор томуугийн вакциныг эрсдэлтэй бүлгийн буюу эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настнууд, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс болон нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдэд хийнэ.
Засгийн газраас нэмэлтээр мөнгө гарган вакцин авахаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд вакцины тендерийг зарлах арга хэмжээг авч байна" гэв.