SXCOAL: Нийлүүлэлт өндөр байгаатай холбоотойгоор коксжих нүүрсний үнэ буурав
Хоёрдугаар сарын 19-нөөр эцэслэсэн долоо хоногт БНХАУ-д нийлүүлэлт өндөр байсантай холбоотойгоор коксжих нүүрсний үнэ буурсан талаар “SXCoal” мэдээллээ. Энэ сард БНХАУ-ын тал боомтуудад сул зогсоод байсан Австралийн зарим нүүрс тээврийн хөлөг онгоцны ачааг буулгах зөвшөөрөл олгосон байна. Түүнчлэн хоёрдугаар сарын 15-18-ны өдрүүдэд Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дунджаар 388 нүүрс тээврийн автомашин гарсан байна. Ганцмод боомтод Монголын боловсруулаагүй коксжих нүүрсний үнэ 20-30 юаниар буурч, тонн нь 1130-1150 юань болжээ.
БНХАУ-ын томоохон нүүрс олборлогч компаниудын нэг “China Coal Energy” компани 2021 оны нэгдүгээр сард 10.27 сая тонн нүүрс олборлосон талаар мэдээлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өссөн үзүүлэлт юм.