Бичлэгт дурдагдсан АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлтийн албаны ажилтан, комиссар П.Чулуунбаатарыг ажлаас нь чөлөөллөө
Энэ сарын 20-ны өдөр цацагдсан шүүгч, ҮАБЗ-ийн ажилтан нарын ёсзүйгүй үйлдэл гаргасан бичлэгт Авлигатай тэмцэх газрын ажилтны нэр дурдагдаж дүрс, зураг нь тавигдсан асуудалд Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалт хариуцсан нэгжээс ажилтан, комиссар П.Чулуунбаатарт холбогдуулан албаны шалгалтыг хийлээ. Шалгалтын дүнг үндэслэн Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлтийн албаны ажилтан, комиссар П.Чулуунбаатарыг 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэв. Ажилтан П.Чулуунбаатар нь “Байгууллагынхаа албаны нэр хүндийг унагаж, олон нийтэд буруугаар ойлгогдох нөхцөл байдлыг бий болголоо, ёс зүйн хувьд цаашид ажиллах боломжгүй гэдгээ ухамсарлаж байна. Хамт олноосоо уучлалт хүсье” гэсэн байна. Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ажилтан П.Чулуунбаатар нь авлигын гэмт хэрэг шалгадаг мөрдөгч мэтээр мэдээлсэн нь ташаа бөгөөд Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байгаагүй гэж АТГ-аас мэдээллээ.