У.ХҮРЭЛСҮХ: Эх орончдынхоо үйл хэргийг нь нэр төртэй үргэлжлүүлэн авч явах нь Та бидний эрхэм үүрэг

Монгол Ардын Нам бол 1921 онд ард түмнийхээ тэмцлийг удирдан манлайлж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, ээдрээт цөвүүн цаг үеийн хүнд бэрх сорилт бэрхшээлд нугаралгүй эр зориг, эв хамтын хүчээр даван туулж, эх орноо хөгжил дэвшлийн замд хөтлөн, ардчилал, эрх чөлөө, эв нэгдлийг түүчээлэн нэгэн зууны түүхэн их үйлсийг бүтээсэн Монголын улс төрийн ууган хүчин билээ.
Монголын ард түмний хорьдугаар зууны соёл иргэншил, үндэсний сэргэн мандал, Монгол Улсын өрнүүн их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг бүтээсэн Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Манай нам тэртээх зуун жилийн өмнө Ардын хувьсгалыг манлайлан удирдаж, алдагдсан эрхээ эргүүлэн аваад эдийн засаг, аж ахуйн хувьд туйлдан доройтсон, соёл, боловсрол хоцрогдсон, өвчин эмгэгт баригдаж, үндсэндээ мөхлийн ирмэгт тулсан ядуу буурай ард түмэн, улс орноо сэргээн босгож, Анхдугаар Үндсэн хуулиа батлан, тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж, Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхаглан НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болгож чадсан түүхэн гавьяатай. Орон даяар бүх нийтийг хамарсан “Соёлын довтолгоон”-ыг амжилттай зохион байгуулж, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг хийгээд нийгмийн бүхий л хэрэгцээт салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн зэрэгцээ өргөн цар хүрээнд шинэ бүтээн байгуулалтуудыг идэвхийлэн өрнүүлж, ард иргэдээ орон сууцжуулах, дэд бүтцийг сайжруулах зэрэг улс эх орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө манай нам чин үнэнчээр тууштай зүтгэж ирсэн.
Монгол Ардын Нам түүхийн бүхий л цаг үед бодлогын төдийгүй бүтээн байгуулагч улс төрийн хүчин байсан. Цаашид ч үнэт зүйлээ алдалгүй, итгэл хүлээлгэсэн сонгогч олон түмэндээ амласан амлалтдаа үнэнч байж ард түмэн, эх орныхоо төлөө зүтгэх болно. Эдүгээ Монгол Ардын Намын байгуулсан Засгийн газар газрын тосны үйлдвэр, дулааны цахилгаан станц, төв цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, олон зуун эмнэлэг, сургууль, цэцэрлэг, музей, орон сууцны хороолол, уул уурхай, авто зам, дэд бүтэц зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг санаачлан өрнүүлж байна. Туурга тусгаар улсаа сэргээн босгож, тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж, хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн аюулгүй байдлыг халуун амь, бүлээн цусаараа хамгаалж, хадгалж ирсэн эх орончдынхоо гавьяа зүтгэлийг үр хойчдоо бахархан алдаршуулж, үйл хэргийг нь нэр төртэй үргэлжлүүлэн авч явах нь Та бидний эрхэм үүрэг юм. Бид бүтээн босгосон улс орноо улам цогцлоон хөгжүүлж, Тусгаар тогтнолоо бататган хамгаалж, хүн ардаа эрүүл энх, амар амгалан, аз жаргалтай байлгахын төлөө чин сэтгэлээр зүтгэж, Монгол Ардын Намынхаа түүхт 100 жилийн ойг амжилт, бүтээлээр дүүрэн угтаж байгаадаа ууган намын даргын хувьд туйлын баяртай байна.
Монгол Ардын Намын эрхэм гишүүд, дэмжигчид, элэг нэгт Монгол ахан дүүсдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Монгол Улс үүрд цэцэглэн хөгжиж, монгол хүн бүр эрүүл энх, эрдэм боловсролтой, аз жаргалтай амьдрах болтугай
АРДЫН НАМ, АРДЫН ЗАСАГ МАНДТУГАЙ!МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ
скачать dle 12.0

Холбоотой мэдээ