Үндэсний шигшээ багийн ТАМИРЧДЫГ вакцинжуулж байна

Монголын Үндэсний Олимпийн Хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт "Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнөөдрөөс Үндэсний шигшээ багийн тамирчдыг вакцинжуулах ажил эхэллээ. Баг тамирчдаа уриалж МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц нар Астра-Зенека вакцины эхний тунг хийлгэлээ. 
Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпийн 15, паралимпийн 7 нийт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагддаг. Үүнээс эхний ээлжинд буюу хуваарийн дагуу өнөөдөр бадминтон, усанд сэлэлт, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, тэквондо, байт харваа, хүндийн өргөлт, гимнастик, пара тэквондо, пара байт, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг спортын төрлийн 150 орчим тамирчин, дасгалжуулагч болон МҮОХ, БТСУХ-ны төлөөлөл зарим албаныхан вакцинд хамрагдаж байна.
Манай баг тамирчдын Олимпийн эрх олгох Ази тивийн болон ДАШТ-д оролцох, эрхийн оноо цуглуулах цуврал тэмцээнүүдэд өрсөлдөхөд вакцинд хамрагдсан нь олон талын чухал ач холбогдолтой юм. 


скачать dle 12.0

Холбоотой мэдээ