Олимпод оролцох тамирчдад сэтгэл зүйн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээр боллоо
Монголын байт харвааны холбоо энэ жил олимпын хоёр эрх аваад байгаа билээ. Тодруулбал, Монголын байт харвааны шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Отгонболд, Пара байт харвааны шигшээ багийн тамирчин спортын мастер Н.Мөнхбаатар нар олимпын эрх авсан юм.
Олимпод эрх авсан тамирчдын бэлтгэлээс гадна сэтгэлзүй, эрүүл мэндийн асуудал нэн тэргүүнд байдаг. Энэ хүрээнд Монголын байт харвааны холбоо “Интермэд” эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр тамирчдыг тэмцээнд оролцох хүртэл болон оролцох үед нь сэтгэл зүйн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх юм байна.
Энэ талаар Монголын байт харвааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Тамирчдаасаа бид амжилт нэхдэг, бас шаарддаг. Гэхдээ тэдний эрүүл мэнд, сэтгэл санаа, бие бялдар дээр нь тэр бүр анхаарал хандуулж чаддаггүй. Тиймээс “Интермед” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатар эмчтэй уулзаж, энэ талаар хамтран ажиллах санал тавьсан. Энэ ажил өнөөдөр биеллээ олж, Монголын байт харвааны холбооны Шигшээ багийн тамирчид болон, пара байтын тамирчид, мөн шигшээ багийн дасгалжуулагчдаа эмнэлгийн оношилгоонд хамруулахаар боллоо. Мөн олимпын үед тамирчдын сэтгэлзүй, эрүүл мэндийг хяналтад байлгах юм. Энэ ажилд “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын залуус дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Манай тамирчид хотоос гадна вакум орчинд бэлтгэлээ хийж, олимпод бэлтгэсээр байна” гэлээ.
Түүнчлэн энэ үйл явдалтай уялдуулж Монголын байт харвааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар тус холбооны ерөнхийлөгч П.Цагаан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, “Монголын байт харвааны тамирчин, дасгалжуулагчид ард түмнийхээ сэтгэлийн дэмжлэгээр анх удаа “Байт харвааны 360” задгай талбайтай болсон байдаг. Энэ нь Монголд байт харвааны спорт хөгжих таатай орчинг бүрдүүлсэн гэж үздэг. Одоо битүү ордонтой болохоор ажиллаж байна. Монгол хүнд харвах ген байдаг. Харваж, намнах нь монголчуудын аж ахуй, соёлтой салшгүй холбоотой. Үүнийг одоо үед сэрээх хэрэгтэй байна. Тэгвэл монголчууд энэ спортод амжилт гаргана. Сүүлийн үед байт харвааны спортыг дэлхийн олон улсад хөгжүүлэхээр хичээж байна. Учир нь энэ спорт нь нас, хүйс, улирал үл хамааран бүх хүн хичээллэх боломжтой. Түүнээс гадна энэ спорт нар, салхи агаарт байнга явах боломжийг олгодог. Суурьшмал соёл иргэншилд байгаа хүмүүст хэрэгтэй спорт юм. Бие бялдараас гадна хараа, сонсгол, анхаарал төвлөрүүлэх, дотоод хүчээ ашиглах гэх мэт давуу талтай” гэсэн юм.
Дашрамд дурдахад, Монголын байт харваачид “Мюнхен-1972”-оос эхлэн олимпод оролцсон бөгөөд 1976, 1980, 1988, 1992, 1996, 2012, 2016 оны олимпод цэц сорьж байсан түүхтэй.