“Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн олон улсын III бага хурал”-д цахимаар оролцож байна
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас санаачлан Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвслээс энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа “Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн олон улсын III бага хурал”-д ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян цахимаар оролцож байна.
Тус эвсэл нь АНУ-ын Нью-Йорк хотноо 2019 онд зохиогдсон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулагдсан бөгөөд дэд бүтцийг цаг уурын өөрчлөлт, гамшигт тэсвэртэй болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юм. Өдгөө 28 улс, дөрвөн олон улсын байгууллага, хоёр хувийн хэвшлийн байгууллага гишүүнээр элсээд байна.
Энэхүү хурлаар уур амьсгалын өөрчлөлт болон гамшигт тэсвэртэй дэд бүтцийн талаар тус эвслийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашлаад гамшигт тэсвэртэй дэд бүтцийн төсвийг нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад оруулах хувь нэмрийг тодорхойлох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.