Хотын инженерийн дэд бүтцийн системийг өргөтгөж, шинэчилнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр цахимаар хуралдлаа. Хурлын үеэр Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн хангамжийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр танилцууллаа. Тэрээр “Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотын дэд бүтцийн системийн түвшинг тогтоохоор судалгаа хийсэн. Дэд бүтцийн систем нь хуучирч, ашиглалтын хугацаа дууссан, нэвтрүүлэх чадвар хүрэлцээгүй болсон, технологийн шинэчлэлт хийх шаардлагатай болсон байсан. Мөн ажлын хэсгээс тус инженерийн дэд бүтцийн системд өргөтгөл шинэчлэлт хийх шугам, тоноглолын жагсаалтыг гаргалаа” гэв.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Судалгаа тооцоог сайн гаргаж, дэд бүтцийн системээ өргөтгөх ажлыг эрчимжүүлж ажилла. Өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжилтийг хангаж ажиллахад холбогдох байгууллагууд онцгой анхаар. Ажил хариуцсан албан тушаалтнууд ажилдаа хариуцлагатай ханд. Зарим хийгээгүй ажлыг хийсэн болгож, материал бэлтгэж орж ирдгээ болих хэрэгтэй. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, энэ асуудлыг дахин оруулж ирж танилцуул” гэв. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, дараагийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо.